top banner

МУИС-ийн ХЗС-ийн баг Шүүхийн мэтгэлцээний ОУТ-д шагналт байр эзэлжээ


2018-03-13 13:05:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Олон улсын улаан загалмайн хороо, Хонгконгийн улаан загалмай нийгэмлэг, Хонгконгийн их сургууль хамтран зохион байгуулдаг Ази-Номхон Далайн орнуудын Олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн шүүхийн мэтгэлцээний 16 дугаар тэмцээн 2018 оны 3 дугаар сарын 6-10-нд Хонгконг хотноо болж манай оюутнууд 3 дугаар байрт шалгарлаа.

Уг тэмцээнд дэлхийн шилдэг 100 Их сургуулийн жагсаалтад багтдаг Бээжингийн их сургууль (#27), Хонгконгийн Их Сургууль (#40), Токиогийн Их сургууль (#46), Австралийн Нью Саут Валийн Их Сургууль (#85) зэрэг Ази-Номхон далайн бүсийн 21 улсын 25 их сургуулийн шилдэг багууд өрсөлдсөн юм.

Энэ удаагийн тэмцээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн баг прокурорын талаас гаргасан тайлбараар анх удаа шагналт 3 дугаар байр эзэлжээ.



МУИС-ийн багт Хууль зүйн сургуулийн эрх зүйн оройн хөтөлбөрийн 2 дугаар ангийн оюутан Б.Мягмардорж, Г.Энх-Амгалан, олон улсын эрх зүйн 4 дүгээр түвшний оюутан Б.Итгэл, 3 дугаар түвшний оюутан А.Мандуул нар оролцож, дасгалжуулагчаар МУИС-ийн ХЗС-ийн дэд профессор, доктор Д.Гангабаатар ажиллав.

Энэхүү шүүхийн мэтгэлцээний тэмцээн нь Олон улсын гэрээ, конвенц, тэдгээрт үндэслэж гарсан Олон улсын эрүүгийн шүүхийн болон бусад шүүхийн шийдвэрийг өгөгдсөн кейс дээр хэрэглэх байдлаар явагддаг. Ингэснээр оюутны кейс болон түүнд холбогдох хуулийн зохицуулалтыг судлах, анализ хийх, үндэслэл бүхий гаргалгаагаа шүүгчдийн өмнө илтгэж, мэтгэлцэх ур чадварыг хөгжүүлэх зорилготой.

Шүүхийн мэтгэлцээний тэмцээний оролцоо, эзэлсэн байр суурь нь гадаад улсуудад хуулийн сургуулийн чансааг тогтооход чухал үзүүлэлт болдог байна.

Д.Өлзий

Монгол брэнд