Бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэнд хүндэтгэл үзүүлэв

Монголын мэдээ | Хууль
183@montsame.mn
2018-03-13 13:17:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Түүхийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэнгийн “Монгол төрийн ёслол, хүндэтгэлийн түүхэн товчоо” номын нээлт Хууль сахиулахын их сургуулийн “Эрдэм” танхимд боллоо. Номын зохиогч   монгол төрийн хүнлэг сайхан ёсолгоо, сүрлэг хүндэтгэл ямар байсныг 2230 жилийн түүхийн сурвалжаар өгүүлснийг нээлтийн үеэр онцлов. 

Шинэ номын нээлтэд Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Т.Галсан, БНМАУ, ЗХУ-ын баатар, хошууч генерал Ж.Гүррагчаа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Г.Бямбасүрэн хурандаагийн ууган шавь нарын төлөөлөл, Цэргийн дээд сургуулийн анхны төгсөгч, УИХ-ын гишүүн асан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Хууль сахиулахын их сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр,  Эрдэм, шинжилгээ эрхэлсэн тэргүүн дэд захирал, доктор, профессор,  цагдаагийн хурандаа Б.Бат-Эрдэнэ, ХХЕГ-ын дэд дарга, бригадын генерал Ж.Бямбасүрэн, хуульч, зохиолч, яруу найрагч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Д.Баяндалай тэргүүтэй зочид, төлөөлөгчид оролцлоо.

Түүхийн ухааны доктор, профессор, бэлтгэл хурандаа Г.Бямбасүрэн монгол төрийн ёслол хүндэтгэлийн сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд Хууль сахиулахын их сургуулийн профессор цолтой судлаач багш нарын нэг юм. Тэрбээр Монгол төрийн ёслол үндэсний хүндэтгэл, Монгол Ёсон, Төр ёсон, Мөнх тэнгэр-бөө зан үйлийн шүтэлцээн, Ёслол хүндэтгэлийн толь бичиг бүтээхэд  оролцсон төдийгүй ард түмнийхээ уламжлалт цагаан сарын ёслол хүндэтгэл зан үйлийн талаар бие даасан DVD гаргаж, 2010-2016 онд цагаан сарын уламжлалт зан ёсыг олон нийтэд сурталчилсан.  Мөн 2011 онд монгол төрийн үүсэл бэлэгдлийн уламжлал номыг санаачлан хамтын бүтээл болгон туурвисан нь тухайн жилийн шилдэг номоор шалгарч байжээ. Түүнд ХСИС-ийн захирал, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр хүндэтгэл үзүүллээ.
Ж.Батсайхан  

Холбоотой мэдээ