top banner

Эвдэрсэн газрын тооллого хийх ажлын хэсгийг байгуулав


2018-03-13 13:46:17
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Газар өмчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний тухай” асуудлыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэж, зарим үүрэг чиглэлийг өглөө.
Монгол Улсын иргэнд газар үнэ төлбөргүй өмчлүүлэх тухай хууль, журмууд мөрдөгдөж эхэлснээс хойш Өвөрхангай аймгийн хэмжээнд 21488 нэгж талбарт 2045,12 га газрыг өмчлүүлээд байгаа юм. 2017 оны жилийн эцсийн байдлаар аймгийн хэмжээнд газар өмчилсөн иргэдийг аймгийн нийт хүн амтай харьцуулахад 18,6 хувь байна. Мөн  “А” бүсэд газар эзэмшчихээд тодорхой зүйл хийхгүй байгаа тухай шүүмжлэл иргэдийн дунд багагүй байдаг тул энэ онд тооллого явуулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулахыг ИТХ-ын дарга А.Ишдорж ГХБХБГ-т үүрэг болгов. Мөн 2016 оны жилийн эцсийн ИТХ-ын III хуралдаанаас газар эзэмшээд зориулалтын дагуу ашиглаагүй иргэдийн газар эзэмших эрхийг цуцлуулахаар аймгийн Засаг даргад өгсөн чиглэлийн биелэлтийг хагас жилийн ИТХ-ын ээлжит хуралдаанд сонсголоор оруулж, цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, хариуцлага хэрхэн тооцох тухай санал боловсруулахыг холбогдох албаныханд даалгалаа.
Түүнчлэн "Аймгийн хэмжээнд эвдэрсэн газрын тооллого хийх ажлын хэсэг байгуулах тухай" шийдвэрийг гаргав. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж, байгууллагуудын уул уурхайн ашиглалтын улмаас болон хууль бус үйл ажиллагаанаас болж эвдэрсэн газрын тооллого судалгаа хийх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргаар ахлуулан байгуулж, зохих удирдамжийн дагуу ажиллан гуравдугаар сарын 23-ны дотор ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулахыг үүрэг болголоо.
Б.Батчимэг

Монгол брэнд