top banner

Хөрөнгө оруулалт татах боломж байгаа ч улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал


2018-03-13 16:24:16
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг өөрөө удирдаж чадахгүй байна хэмээн “Эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага-2018“ хэлэлцүүлгийн оролцогсод тодотгов.

Туушин зочид буудлын хурлын танхимд болж буй тус хэлэлцүүлэгт Монголбанк, Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэн,  Монгол Улсын Их Сургуулийн багш, судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.
Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан судалгаагаар хөрөнгө оруулалтын дийлэнх хувийг импортод зарцуулж буй бөгөөд үндсэндээ энэ хөрөнгө уул уурхай болон барилгын салбарт шингэж буйг онцлов. Монголтой адил эрдэс баялгийн нөөц ихтэй орнуудад дэлхийн зах зээл дээрх эрдсийн үнэ өсөхөд хөрөнгө оруулалт урсгал нэмэгддэг ч, нүүрс, зэсийн үнэ буурахад хөрөнгө оруулалтын түвшин ч мөн адил буурдаг. Баялгийн нөөц ихтэй орнуудад хөрөнгө оруулалт татах, түүнийг зөв ашиглах боломж байгаа ч улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал гэдгийг судлаачид тодотгосон.

Өнгөрсөн онд манай улсын хувьд эдийн засагт үүссэн хүндрэлийг арилгаж, төсвийн хариуцлагыг дээшлүүлэн, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн жил байсан. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 3.8 хувьд хүрчээ.Уул уурхайн салбараас улсын төсөвт 1.8 их наяд төгрөгийн орлого оруулдаг байна. Харин өнгөрсөн жил 671 сая ам.доллар бүхий уул уурхайн бус салбарын экспорт хийсэн байна. Уул уурхайн салбараас хэт хамааралтай байдлыг арилгахаар 2018 он гэхэд уул уурхайн бус салбарын экспортын эзлэх хувийг нийт экспортын хэмжээнд 20 хувь, 2021 онд 30 хувьд хүргэх зорилтыг төр засгаас дэвшүүлжээ. Тиймээс улсын эдийн засагт экспортын төрөлжилт шаардлагатай гэдгийг эрдэмтэд, салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Уул уурхайгаас бусад ноос, ноолуур болон арьс, шир гэсэн салбаруудад л харьцангуй давуу тал бий, харамсалтай нь, сүүлийн жилүүдэд эдгээр салбарын бүтээгдэхүүний экспортод үзүүлэх хувь хэмжээ буурч байгаа аж.

Экспортын хэмжээ анх удаа буюу өнгөрсөн оны үзүүлэлтээр зургаан тэрбум ам.долларыг давж, гадаад худалдааны тэнцэл 1.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.2 тэрбум ам.доллар, алтны худалдан авалт 20 тоннд хүрч, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр төлбөрийн тэнцэл нэг тэрбум гаруй ам.долларын ашигтай гарсан гээд эдийн засагт эерэг дохио өгсөн. Улмаар улсын гадаад валютын нөөц гурван тэрбум ам.долларт хүрчээ.

О.Мөнхжаргал

Сурталчилгаа
Монгол брэнд