top banner

Байгууллагын аварга шалгаруулах марш тактикийн тэмцээн болов


2018-03-13 17:06:36
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газрын спортын тэмцээн зохион явуулах хуваарийн дагуу анх удаа байгууллагын аварга шалгаруулах “Марш тактик-тусгай бэлтгэл”-ийн тэмцээнийг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ. Тэмцээнд Цагдаагийн газрын бүх алба хаагчдыг хамруулсан долоон баг оролцсон байна.

Марш тактик, буудлага, тулааны спорт зэрэг төрлүүдээр зохион байгуулагдсан тэмцээний нэгдсэн дүнгээр Цагдаагийн дэд хурандаа Г.Баярсайхан ахлагчтай Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хамт олон түрүүлж, шилжин явах цом, алтан медалийн эзэд болжээ.

“Нийгмийн дэг журмыг сахиулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор манай алба хаагчид тусгай бэлтгэл сургуулилтанд гардаг. Энэ хүрээнд хийхээр төлөвлөсөн ажлууд ч бий. Үүний нэг нь энэхүү марш тактикын анхдугаар тэмцээн юм. Нөгөө талаар тун удахгүй аймгийн хэмжээний цэргийн хүрээний байгууллагуудыг хамарсан аймгийн аварга шалгаруулах марш тактикийн тэмцээн болно. Байгууллага доторх тэмцээн маань энэ тэмцээний сорилго тэмцээн гэж хэлж болно. Хэдий анх удаа болсон ч манай алба хаагчид маш идэвхтэй оролцсон. Сэтгэгдэл их өндөр байгаа.” хэмээн аймгийн Цагдаагийн газрын дарга, дэд хурандаа Т.Ганзориг хэллээ.

Энэ сарын 16, 17-ны өдрүүдэд болох ААШ марш тактикийн тэмцээнд цэргийн хүрээний байгууллагууд оролцохоор хэдийн тэмцээний бэлтгэлдээ гарчээ.

Аймгийн Цагдаагийн газарт спортын цол зэрэгтэй 10 гаруй алба хаагч байдаг байна.
Т.Одончимэг

Монгол брэнд