top banner

Дунд оврын автобус осолдож, нэг хүн амиа алджээ


2018-03-13 17:56:28
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 28 зорчигчтой "Каунти" дунд оврын автобус өнөө өглөө 06 цагийн орчим  Хустайн давааны орчим осолдож газар дээрээ нэг хүн нас барж, 2 хүн хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгджээ.
Тус автобус албан ёсны зөвшөөрөлгүй бөгөөд хулгайн тээвэр хийж явсны дээр 25 хүний суудалтай боловч хүний тоо хэтрүүлсэн байжээ. Зам цастай, хальтиргаатай байсан учраас замын хажуу руу орсон гэдгийг Хөвсгөл авто тээврийн төвийн хяналтын улсын байцаагч Ё.Ариунзаяа мэдээллээ.
Тус автобусыг Дархан хотын журмын хашаанд саатуулаад байгаа гэнэ. Иргэд тасалбар бичүүлэхгүй, үнийн хямдыг харж хулгайн тээврээр зорчих нь осол гэмтэлд өртөх, амь насаа алдах эрсдэл дагуулж буй учраас хууль бусаар зорчигч тээвэрлэлтээс татгалзаж, гэрээтэй, баталгаатай, даатгалтай GPS–ийн хяналттай тээврийн хэрэгслээр зорчихыг Хөвсгөл аймгийн Авто тээврийн төвөөс анхаарууллаа.
Б.Гантуяа   

Монгол брэнд