top banner

Гэмт хэргийн гаралт болон хохирлын хэмжээ буурчээ


2018-03-13 18:11:56
Зураг
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймагт 2018 оны эхний хоёр сарын байдлаар төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмч хөрөнгөнд 24,4 сая төгрөгийн хохирол учирсан 32 гэмт хэрэг үйлдэгдсэнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал найман хэргээр буюу 20 хувиар, учирсан хохирол 22,3 сая төгрөгөөр буюу 47,7 хувиар буурчээ. 
Үүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн бүлэглэлээр нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хүнйи амь хохироосон болон хүчиндэх гэмт хэрэг тус бүр нэгээр буюу нэг дахин, залилах гэмт хэрэг гурван хэргээр буюу гурав дахин тус тус өсчээ. Харин  олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг гурав дахин, хүний эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг 35,2 хувиар, хулгайлах гэмт хэрэг 58,3 хувиар тус тус буурсан байна. Нийт хэргийн 34,3 хувийг хүний эрүүл мэндэд хохирол учруулах, 15,6 хувийг бусдын эд хөрөнгийг хулгайлах, үүнээс 40 хувийг орон байрны хулгай, 60 хувийг малын хулгайн  гэмт хэргүүд эзэлж байна.
Гэмт хэрэгт холбогдсон хүн 35 хүнээр буюу 92 хувиар, согтуугаар үйлдэгдсэн хэрэг 20 хэргээр буюу 95 хувиар буурсан байна.
Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 17 хэрэг нь аймгийн төв буюу Есөнбулаг сумд, 4 хэрэг нь Дэлгэр сумд, 2 хэрэг нь Тонхил, Халиун, Цогт сумдад, 1 хэрэг буюу 3,1 хувь нь Тайшир, Хөхморьт, Цээл, Шарга, Эрдэнэ сумдад үйлдэгдсэн байна. 
Говь-Алтай аймгийн Цагдаагийн газар нь Нийгмийн хэв журам зөрчсөн 1080 зөрчлийг илрүүлэн шалгаж, 38 хүнийг эрүүлжүүлж, 1022 иргэнд 42 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулсан байна.
Түүнчлэн сүүлийн үед цахим орчноор дамжуулан иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг ихсэж байгаа тул иргэдийг аливаа зүйлд хэт хөнгөмсөгөөр хандан гэмт хэргийн золиос эсхүл гэмт хэрэгтэн болох эрсдэлтэй тул сонор сэрэмжтэй байж, уг төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна. 
 
Э.Нарангэрэл
 

Монгол брэнд