top banner

Осол гаргасан жолооч жолоодох эрхээ хасуулсан байжээ


2018-03-13 20:47:21
Зураг
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Өнгөрсөн шөнөөс эхэлж орсон цас замын зорчих хэсэгт хальтиргаа гулгаа үүсгэсэн. Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг ААНБ-ууд цаг агаарын байдлаас шалтгаалан холын замд гардаггүй. Тэгвэл  зорчигч тээвэр эрхлэх зөвшөөрөлгүй иргэн Г.Н нь Хөвсгөл аймгаас Улаанбаатар хотын чиглэлд "Каунти" дунд оврын автобусаар зорчигч тээвэрлэж яваад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Хустайн даваанд энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын үед осолдсон байна.

Тус автобусанд 28 зорчигч явсанаас нэг зорчигч биеийн байдал хүнд Сэлэнгэ аймгийн Баянгол /Баруунхараа/ сумын эрүүл мэндийн төвд хүргэгдсэн ч нас баржээ. Бусад зорчигчид хөнгөн, хөнгөвтөр бэртсэн ч Улаанбаатар хот руу явсан байна. Автобусанд явсан 28 зорчигчийн хоёр нь бага насны хүүхэд байсан аж. 

Хууль бусаар зорчигч тээврийн үйлчилгээ хийж нийслэл хотыг зорьж байсан иргэн Г.Н нь жолоодох эрхээ  өмнө нь хасуулсан, жолооны үнэмлэхгүйгээр замын хөдөлгөөнд оролцож яваад зам тээврийн осол гаргасан тухай Дархан-Уул аймгйин Замын цагдаагийн тасгийн байцаагч З.Алтантөгс мэдээллээ.

Хустайн даваа нь Дархан хотоос 45 км зайд оршдог. Тухайн автобусыг Дархан хотын замын цагдаагийн тасгийн журмын хашаанд хийхийг хэргийн газарт ажилласан байцаагч З.Алтантөгс үүрэг болгожээ.
Осол 06.00 цагийн үед бус 04 цаг 30 минутын орчимд болсон, хоёр зорчигч бус нэг зорчигчийн биеийн байдал хүндэвтэр гэмтсэн байж болзошгүй талаар нэмэлт мэдээллийг ЗЦТ-аас өглөө.
 
Л.Отгонбаатар


Монгол брэнд