top banner

АНУ-ын элчин сайд “Монгол Улсын Зүүн бүс нутаг бол бидний хувьд анхаарал татсан газар" гэв


2018-03-14 00:25:10
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. АНУ-ын элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Мануэль Микаллер дагалдах хүмүүсийн хамт Дорнод аймагт ажиллаж байна. Өнөө өглөө тус аймгийн удирдлагатай албан уулзалт хийж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо. Түүний хувьд элчин сайдын хэргийг хамаараад жил хагасын нүүрийг үзэж байгаа юм. Харин Улаанбаатар хотоос гадагш гарч ажил хэрэг өрнүүлж байгаа анхны айлчлал нь Дорнод аймаг ажээ.
Элчин сайд уулзалтын эхэнд, “АНУ-Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтсоны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэхүү хөгжлийн харилцааг цаашид шинэ шатанд гаргаж ахиулах ёстой” хэмээн онцлоод Монгол Улсын Зүүн бүс нутаг бол бидний хувьд анхаарал татсан газар гэдгийг илэрхийлэх зорилготой ирсэн гэв. Мөн Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд үргэлжлүүлэн оролцож байгаад Америкийн ард түмэн сэтгэл хангалуун байдаг, үүнийг илэрхийлэх үүднээс айлчлалын бүрэлдэхүүнд яваа АНУ-аас Монгол Улсад суугаа Батлан хамгаалахын атташе дэд хурандаа Долшнерийг танилцууллаа. Элчин сайдыг дагалдаж түүний ажлын албанаас “Иргэн-цэргийн дэмжлэг” багийнхан Дорнод аймагт ажиллаж байна. Дашрамд дуулгахад, дээрх багийнхан Монгол орон даяар хүмүүнлэгийн үйлсийг өргөн хүрээтэй явуулж байгаа юм. Тухайлбал, тэдний санаачилга дэмжлэгээр Улаанбаатар хот, Замын-Үүдэд хүүхдийн цэцэрлэг баригдсан бол малчидтай хамтран мал эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч байгаа ажээ. Мөн уулзалтын үеэр сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өргөн хүрээтэй сургалтыг Монгол орон даяар зохион байгуулах гэж байгаагаа дуулгав.
Дорнод аймгаас АНУ-ын төрөл бүрийн солилцооны хөтөлбөрт зургаан хүн хамрагдаж байгааг ноён Мануэль Микаллер олзуурхаж, цаашид энэ тал дээр илүү дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Одоогийн байдлаар АНУ-ын ОУХА /USEP/-ийн тусламжтайгаар 11 сая ам.долларын өртөг бүхий хөтөлбөр Монгол Улсад хэрэгжиж, Монголын махны экспортыг нэмэгдүүлэхэд анхаарч байна. Энэ нь Дорнод аймгийн хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх зорилттой уялдаж байгаа юм. Тодруулбал, Дорнод аймгийн хөгжлийн тэргүүлэх гурван салбар нь хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрдэс баялгийн салбар гэж тодорхойлсон. Энэ утгаараа тус аймгийн хэмжээнд мал сүргийн тоо сүүлийн гурван жилд тасралтгүй өсч, 2017 оны жилийн эцсийн тооллогоор мал таван төрөл дээрээ өсч, анх удаагаа хоёр саяд хүрч, малчин өрхийн тоо нэмэгджээ. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйдаа түшиглэхийн зэрэгцээ өндөр ашиг шимт мал бүхий фермерийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарч, цаашлаад мах экспортлох зорилттой байгаагаа Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн элчин сайдад дуулгалаа.
Уулзалтын төгсгөлд АНУ-ын элчин сайдын хэргийг түр хамаарагч ноён Мануэль Микаллер эдийн засаг болон жижиг дунд бизнесийг хөгжүүлэх тал дээр саналаа хэлэхдээ, “Жижиг бизнес бол АНУ-ын эдийн засгийн нэлээд хэсгийг бүрдүүлж хөдөлгөж байдаг онцлогтой. Тэр хэрээр олон хүнийг ажлын байраар хангадаг. Тиймээс Дорнод аймагт ажиллаж байх хугацаандаа жижиг дэлгүүрүүдээр орж, эзэдтэй нь нүүр тулж уулзан асуудал бэрхшээлийг нь ярилцах сонирхолтой” гэдгээ илэрхийлсэн. Энэ уулзалт нь төсөл хөтөлбөрүүдийг цаашид хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэгт хариулт өгсөн алхам болно гэв.
Уулзалтын үеэр Дорнод аймагт сургууль, цэцэрлэгийн барилга барихад дэмжлэг үзүүлэх тал дээр анхаарахыг ноён элчин сайдаас тус аймгийн удирдлага хүссэн юм. Дорнод аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6800 хүүхэд 37 цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсрол,  15500 сурагч 26 сургуульд ерөнхий боловсрол эзэмшиж байна. Боловсролын чанарын үзүүлэлтээр сүүлийн дөрвөн жил дараалан улсын хэмжээнд тэргүүлж байгаа хэдий ч хаа газар тулгамддаг барилга байшингийн асуудал ч Дорнод аймагт бий. Ноён элчин сайд сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг судалж үзнэ гэдгээ илэрхийллээ.
АНУ-аас тус аймагт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн тухайд авч үзвэл, 2008 онд АНУ-ын Мянганы сорилтын корпораци болон Монгол Улсын Засгийн газар хооронд Мянганы сорилтын гэрээг байгуулж, Монголын эдийн засгийн өсөлтийг хангах замаар ядуурлыг бууруулах санхүүжилтийг АНУ-ын ард түмний татварын хөрөнгөөс гаргаж, зургаан төсөлд зарцуулж эхэлсэн. Үүний нэг болох Мянганы сорилтын сангийн хот орчмын бэлчээрийн төслийг Монгол оронд хэрэгжүүлэхэд Дорнод аймаг энэхүү төсөлд хамрагдаж, үүнийг дагаад малчин өрхүүдэд давуу тал олон гарчээ. Тухайлбал, бүлгэмүүдийн худаг усны асуудлыг шийдвэрлэх, малын хашаа хороо байгуулах зэргээр дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ эрчимжсэн мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх боломж бүрдсэн байна.
2013 онд АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн санхүүжилтээр Мэргэжлийн боловсрол сургалтын төслөөс Дорнод аймаг дахь Политехник коллежид дадлагын газар, мультимедиа сургалтын өрөөнүүд, токарь, гагнуур болон сантехникийн дадлагын газрыг байгуулж, орчин үеийн сургалтын тоног төхөөрөмжүүдээр дэмжлэг үзүүлсэн байдаг.
Түүнчлэн АНУ-ын Энхтайваны корпусын шугамаар Дорнод аймгийн ЕБС-иудад мэргэжилтэн багш нар ирж ажиллан, Монгол хүүхдүүдийн англи хэлний боловсролыг дээшлүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм. АНУ-ын ЭСЯ-наас хэрэгжүүлдэг “Сургагч багш” бэлтгэх хөтөлбөрт тус аймгийн ЕБС-ийн багш, мэргэжилтнүүд хамрагдаж байгаа бол англи хэлний “Аксесс”, “Flex” зэрэг тэтгэлэгт хөтөлбөрүүдэд дунд сургуулийн сурагчид идэвх сонирхолтойгоор оролцож байна.
Харин Хүнс, хөдөө аж ахуйн салбарт АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг /USAID/, “Хөгжлийн шийдэл” ТББ-ын санхүүжилтээр Жижиг, дунд бизнесийг дэмжих  зорилготой “Reach” төсөл, АНУ болон Дэлхийн банкны санхүүжилтээр “Байгаль орчин, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ээс /WCS/ хэрэгжүүлж байгаа “Зэрлэг амьтад, тэдгээрийн амьдрах орчныг цогцоор нь хамгаалах” зэрэг төслүүд хэрэгжиж байна.
Элчин сайд маргааш өглөө “Зүлгэн сор” фермийн үйл ажиллагаатай танилцсаныхаа дараа Улаанбаатар хот руу буцах юм.
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд