top banner

Тувагийн Их сургуультай хийсэн оюутан солилцооны хөтөлбөр үр дүнтэй боллоо


2018-03-14 09:53:16
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Ховд их сургууль/ХИС/, ОХУ-ын Тувагийн Их сургууль хоорондын оюутан солилцооны хөтөлбөр энэ  оны хоёрдугаар сарын 26-наас гуравдугаар сарын 09-ний хооронд хэрэгжлээ. Энэ удаагийн хөтөлбөрт Тувагийн Их сургуулиас нэг багш, таван оюутан, ХИС-иас хоёр багш, таван оюутан хамрагдлаа. 
Тувагийн Их сургуулийн багш, оюутнууд ХИС-ийн НХУС-ийн  үйл ажиллагаатай, багш, оюутнуудтай санал бодлоо солилцсон байна. Харин ХИС-ийн Гадаад Хэл Соёл Судлалын Европ судлалын тэнхимийн багш Ё.Ундармаа, Нийгэм  Хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүх Нийгмийн Ухааны тэнхимийн багш Н.Анхбаяр, оюутан Д.Гантимаа, Л.Бадамсэрээтэр, А.Хоёрмөнхцаст-Алтай, Б.Дуламханд, Б.Саранчимэг нар ОХУ-ын Тувагийн Их сургуулийн үндсэн таван корпус, 10 факультеттай танилцаж, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдан туршлага солилцоод ирлээ.
Оюутнууд тус сургуулийн монгол хэл судлалын ангийн оюутнуудтай уулзалт хийж өөрсдийн сургууль, мэргэжлийн онцлогийг сурталчлан таниулах арга хэмжээ зохион байгуулсан байна. Монгол хэл уран зохиолын ангийн оюутан А.Хоёрмөнхцаст-Алтай Тувагийн оюутнуудад монгол хэлний хичээл зааж,  үндэсний хувцасны өв соёлын талаар мэдээлэл өгсөн бол багш Ё.Ундармаа орос, англи хэлний багш нартай туршлага солилцон онлайнаар эрдэм шинжилгээний хуралд оролцохоор товлосон гэх зэрэг олон ажил хийж, оюутан солилцоо үр дүнтэй өндөрлөлөө.

А.Бямбасүрэн

Монгол брэнд