top banner

Д.Трамп Төрийн Департаментад халаа сэлгээ хийв


2018-03-14 10:25:43
Зураг
МОСКВА. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп боловсон хүчний халаа сэлгээ хийх тухайгаа өмнө нь мэдэгдэж байсан юм. Тэрбээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг албан тушаалаас  нь чөлөөлж, Тагнуулын төв газрын захирлын албан тушаалыг хашиж байсан Майк Помпеог Төрийн нарийн бичгийн шинэ даргаар томилжээ. Харин Тагнуулын төв газрын захирлын албан тушаалд Жина Хаспел шинээр томилогдсон байна. Ж.Хаспел нь АНУ-ын Тагнуулын төв газрын захирлын албан тушаалыг хаших анхны эмэгтэй болж байна.
 
Д.Трамп Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн Р.Тиллерсонд талархал илэрхийлэхийн сацуу шинээр томилогдсон М.Помпео болон Ж.Хаспел нарт баяр хүргэж буйгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

Цагаан ордны мэдээлснээр, өөрийг нь огцруулах болсон шалтгааныг Р.Тиллерсон мэдээгүй бөгөөд энэ тухай тэрбээр ерөнхийлөгч Д.Трамптай ярилцаагүй гэнэ. Үндэсний аюулгүй байдлын салбарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсантай холбоотойгоор тэрбээр албан тушаалдаа үлдэх бодолтой байсныг Цагаан ордны хэвлэлийн албанаас цохон тэмдэглэжээ.

АНУ-ын төрийн тэргүүний халаа сэлгээ хийх болсон шалтгаан нь түүний Умард Солонгостой яриа хэлэлцээ хийж эхлэхээс өмнө шинэ баг бүрдүүлэх бодолтой байгаатай нь  холбоотой аж.

Энэ талаар Д.Трамп мэдэгдэхдээ “Р.Тиллерсоныг огцруулах болсон шалтгаан нь бидний байр суурь нийцэхгүй байгаатай холбоотой нь үнэн. Бид удаан ярилцсан хэдий ч санал зөрөлдөөнтэй асуудлууд байгаа юм. Тухайлбал, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээр нь аймшигтай асуудал. Р.Тиллерсон үүнийг хэвийн гэж үзэж байхад М.Помпео энэ тал дээр надтай санал нэг байгаа юм. Р.Тиллерсон бол сайн хүн. Түүний гүйцэтгэсэн ажил үүргийг би үнэлдэг. Албан тушаалаасаа огцорсныхоо дараа түүнийг илүү жаргалтай байна байх гэж би бодож байна” гэжээ.
Э.Аянзаяа 

Монгол брэнд