top banner

“Ая эгшгийн зургаан жигүүр” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдаан боллоо


2018-03-14 10:31:00
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Монголын хүүхдийн ордны 60 жилийн ойн хүрээнд зохиогдож буй “Ая эгшгийн зургаан жигүүр” өсвөрийн ардын хөгжимчдийн уралдааныг Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  зохион байгууллаа. Хоёр жилд нэг удаа уламжлал болгон явуулдаг уг наадам 1-5, 6-9, 10-12 дугаар анги гэсэн ангиллаар морин хуур, шанз, ятга, ёочин хөгжмийн төрлүүдээр явагдаж нийт 32 өсвөрийн хөгжимчид авьяас билэгээ сорин өрсөлдлөө.
Энэ удаагийн “Ая эгшгийн зургаан жигүүр” улсын уралдааныг Ховд аймагт Хүүхдийн ордон байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан зохион байгуулж, наадмын шүүгчээр аймгийн Хөгжимт драмын театрын морин хуурч Д.Мөнхсүх /МУСТА/, хөгжимчин А.Сайнбилэг /МУСТА/, Ховд аймгийн ГБХЗХГ-ын мэргэжилтэн Б.Нэргүй нар ажиллаж шилдэг өсвөрийн ардын хөгжимчдийг тодруулсан юм.
Тус уралдааны морин хуур хөгжмийн 1-5 дугаар ангийн ангилалд тэргүүн байрыг Ховд аймгийн Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Эрдэнэбат, дэд байрыг нэгдүгээр сургуулийн сурагч Г.Ган-Эрдэнэ эзэллээ. 6-9 дүгээр ангийн сурагчдын ангилалд тэргүүн болон дэд байрыг Жаргалант сумын нэгдүгээр сургуулийн сурагч Б.Чингүүн, Ц.Төмөрчулуун, гуравдугаар байрыг Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагч Д.Мөнх-Оргил, тусгай байрыг Хүүхдийн ордны морин хуурын дугуйлангийн сурагч Б.Батхишиг нар эзлэв.
Морин хуур хөгжмийн төрлийн 10-12 дугаар ангийн сурагчдын ангилал өрсөлдөөнтэй болж тэргүүн байрыг гуравдугаар сургуулийн сурагч Г.Мөнхтуул, дэд байрыг Прогресс сургуулийн сурагч Н.Содбилэг нар эзэлж алт, мөнгөн медалийн эзэд болж, гуравдугаар байранд нэгдүгээр сургуулийн сурагч Ж.Батболд, П.Доржзогд нар шалгарав.
“Ятга” хөгжмийн бага насны ангилалд Прогресс сургуулийн Б.Золжаргал тэргүүлж, Цаст-Алтай цогцолбор сургуулийн Б.Баяржавхлан, Д.Ганди нар удаалж, хоёрдугаар сургуулийн Г.Ихбаяр тусгай байранд шалгарсан бол дунд насны ангилалд Прогресс сургуулийн Б.Жавхлан алтан медалийн эзэн болж Прогресс сургуулийн О.Эгшиглэн дэд байр, 6 дугаар сургуулийн Б.Энхжин гуравдугаар байр, гуравдугаар сургуулийн Б.Эрдэнэтуул тусгай байранд шалгарлаа.
Өсвөрийн Ардын хөгжимчдийн энэхүү уралдаанд тэргүүн байр эзэлсэн өсвөрийн хөгжимчид Улаанбаатар хотод болох улсын уралдаанд оролцох эрхийн бичгээр шагнуулсан юм. Уралдаанаас медаль хүртсэн хөгжимчдийн тодорхой хэсэг нь Хүүхдийн ордны хөгжмийн дугуйлангийн сурагчид байгаа нь Ховд аймгийн Хүүхдийн ордон баригдсанаар хүүхдийн хөгжил оролцоонд ихээхэн хувь нэмэр оруулж байгаагийн бодит жишээг харууллаа.
                                                                                                              А.Бямбасүрэн


Монгол брэнд