top banner

Цөмийн зэвсгийн нөөцөө шинэчлэн сайжруулах шаардлагатай гэж мэдэгдэв


2018-03-14 11:44:01
Зураг
ВАШИНГТОН. /ТАСС/. “Бид цөмийн зэвсгийн нөөцөө шинэчлэн сайжруулж, дуунаас үлэмж хурдан зэвсэг бүтээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа ихээхэн нэмэгдүүлэх шаардлагатай” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт Калифорни муж улс дахь агаарын цэргийн хүчний баазад тэнгисийн явган цэргийн албан хаагчидтай уулзаж үг хэлэхдээ мэдэгджээ.
 
ТАСС агентлагийн мэдээлснээр, “Улсаас зэвсэгт хүчиндээ урьд нь өгч байгаагүй их хэмжээний мөнгө гаргаж өгнө. Бид бас цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулж, цөмийн зэвсэглэлийн дэд бүтцээ сэргээн босгоно. Аливаа улсаас түрүүлж байх учиртай тул бид урьд өмнө үзэгдээгүй их хэмжээний санхүүжилт хийнэ” гэж АНУ-ын төрийн тэргүүн тэмдэглэв.   
 
“Цөмийн зэвсгийн хүчин чадлаараа АНУ бусад улсаас давамгай байдалтай байна. Учир нь бидэнд өөр сонголт байхгүй. Манай засаг захиргаа дуунаас үлэмж хурдан зэвсэглэлд зориулсан хөрөнгө оруулалтаа 50%-иар нэмэгдүүлсэн. Бид сансарт тэргүүлэх байр сууриа дахин сэргээнэ. Тун удахгүй бид Ангараг гариг руу ниснэ” гэж Трамп цохон тэмдэглэсэн байна.
 
Лу.Батбаяр


Монгол брэнд