top banner

Д.Трамп “худалдааны дайн” өдөөв үү?


2018-03-14 11:50:08
Зураг
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп энэ сарын 1-ний өдөр мэдэгдэл хийхдээ “импортын ганд 25 хувь, импортын хөнгөн цагаанд 10 хувийн татвар ногдуулна” гэсэн нь АНУ болон түүний түнш орнуудын хооронд “худалдааны дайн” дэгдэхэд хүргэж мэдэхээр нөхцөл байдал үүсгэлээ.

Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу 8-ны өдөр Ерөнхийлөгч Д.Трамп импортын татвар ногдуулах тухай захирамжаа гаргасан юм. Ингэхдээ тэрбээр “хэрвээ татвар төлөхийг хүсэхгүй байгаа бол үйлдвэрүүдээ АНУ-д оруулаад ирцгээ, импортын татвар төлөхгүй шүү дээ” гэж  уриалсан байна. 

15 хоногийн дараа үйлчилж эхлэх уг татвар Канад, Мексик улсуудад хамаарахгүй бөгөөд учир нь, Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг /NAFTA/ дахин нягталж үзэх үйл явц хэр урагштай байна вэ гэдгийг АНУ-ын эрх баригчид харзнаж байгаа бололтой. Хэрвээ НАФТА-г сунгах шинэ нөхцлийн талаар дээрх хоёр улстай тохиролцож чадах аваас тус хоёр улс ган болон хөнгөн цагааныг АНУ-д гаалийн татваргүйгээр цаашид нийлүүлэх боломжтой, харин  тохиролцож эс чадваас АНУ гэрээнээс шууд гарна гэдэг нь тодорхой болжээ. 

Трампын шийдвэрийг Дэлхийн Худалдааны байгууллага, ОУВС болон ган, хөнгөн цагаан экспортлогч улс орнууд эрс эсэргүүцэж байна.

ОУВС-ын захирал Кристин Лагард-ын үзэж байгаагаар, ийм арга хэмжээ нь дэлхий чөлөөт худалдааны мөн чанарыг алдагдуулахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт болон бараа эргэлтийг хязгаарлана. АНУ-д өөрт нь ч мөн хохиролтой, учир нь тус улсын барилгын болон боловсруулах үйлдвэрлэлийн салбарууд хямд үнэтэй ган, хөнгөн цагаан дээр тогтож байдаг.

Зарим судалгааны дүнг үзвэл, татвар тогтоосноор Америкт үйлдвэрлэсэн автомашины үнэ дунджаар 1,3 хувиар өсч, борлуулалт нь 4 хувиар буурч, 2019 он гэхэд автомашины үйлдвэрүүдийн 45 мянган ажилчин ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж мэдэхээр дүр зураг харагдаж байна.

Трампын шийдвэрийг Австрийн Канцлер Себастьян Курц “тэнэглэл” гэж тодорхойлов.

Америкийн засаг захиргаанд ч гэсэн Трампын байр суурийг эсэргүүцэж байгаа хүмүүс бий. Тухайлбал, Трампын эдийн засгийн ерөнхий зөвлөх Гэри Кон шинээр татвар тогтоох талаар Ерөнхийлөгчтэй зөрчилдсөний улмаас албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. Д.Трамп Цагаан ордны ажил урагштай биш байгаад бухимдахдаа хэнтэй ч зөвлөлдөлгүйгээр дээрх шийдвэрийг гаргасан гэж зарим ажиглагчид таамаглаж байна. 

Импортын татварыг нэмэгдүүлэх тухай шийдвэр гаргаснаараа  Д.Трамп ямар ч үнээр хамаагүй Америкийн аж үйлдвэрийн салбарыг сэргээж, шинээр ажлын байр бий болгоно гэсэн сонгуулийн өмнөх амлалтаа биелүүлэхээр чармайж байна. 

Үүний сацуу Америкийн Ерөнхийлөгч твиттер хуудсандаа “Европт үйлдвэрлэсэн автомашинуудад татвар ногдуулна” гэж сүрдүүллнн.  “Европын Холбоо тэртэй тэргүй өндөр тогтоосон гаалийн татвараа Америкийн компаниудад зориулан улам өсгөх гэж байгаа бол АНУ руу чөлөөтэй орж ирж буй Европын машинуудад бид татвар ногдуулах болно” гэж Д.Трамп анхааруулжээ. Өмнө нь 2017 оны эхээр тэрбээр Германд үйлдвэрлэсэн автомашинуудад 35 хувийн татвар ногдуулна гэж байсан юм. Одоогоор ЕХ-нд угсарсан импортын хөнгөн тэргэнд 2,5 хувийн, ачааны автомашинд 25 хувийн татвар ногдуулж байгаа аж. Харин АНУ-аас Европт нийлүүлж буй автомашинд 10 хувийн татвар ногдуулж байгаа юм.  

Ган болон хөнгөн цагаан, Европт үйлдвэрлэсэн автомашинд АНУ-ын зүгээс татвар ногдуулах гэж байгаагийн хариуд авах арга хэмжээний талаарх саналаа Европын Комисс /ЕК/ ойрын өдрүүдэд гаргах гэж байна.

Вашингтоны үзэж байгаагаар, ган болон хөнгөн цагааны импорт нь Америкийн үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байгаа аж. Үүний хариуд ЕК-ийн тэргүүн Жан-Клод Юнкер хэлэхдээ “Америкийн аж үйлдвэрийг хамгаалах зорилгоор авах гэж буй энэхүү алхамд бид маш ихээр харамсч байна. Үүнийг АНУ-ын үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс авсан алхам хэмээн зөвтгөх ямар ч шалтгаан алга” гэлээ. Учир нь, Америкийн цэргийнхний эрэлт хэрэгцээ нь нийт ган, хөнгөн цагааны хэрэглээний 3-хан хувийг эзэлдэг аж.

“Манай аж үйлдвэрийн салбар шударга бус арга хэмжээний улмаас хохирч, Европын олон мянган ажилчид ажлын байраа алдах гэж буй энэ үед бид гар хумхин зүгээр хараад суухгүй” гэж ЕК-ийн тэргүүн онцлон тэмдэглэжээ. 

Түүний сацуу, Хятадаас их хэмжээний ган орж ирж байгаа нь АНУ-ын гангийн үйлдвэрлэлийн салбарыг уналтад оруулсан гэж Трамп үзэж байна. Бодит байдал дээр, АНУ-д 110 гаруй улс ган нийлүүлдэг бөгөөд Хятад улс нийлүүлэлтийн хэмжээгээр 11-р байранд ордог аж. Хятадыг буруутгаж буйн учир гол учир гэвэл, зарим улсууд Хятадын ганг худалдан аваад бага зэргийн боловсруулалт хийснийхээ дараа АНУ-д дамжуулан экспортлодог байна. Ерөнхийдөө бол, шинэ татварын улмаас Канад, Бразил, Өмнөд Солонгос, Мексик, Орос зэрэг эхний 5-д ордог улсууд нэлээд том асуудалтай тулгарах нь. Гэхдээ дээр дурдсанаар Канад, Мексик хоёрын хувьд татвар үйлчлэхгүй байж магадгүй.

Эрс шийдвэр гаргасан Трампыг зөвтгөх үндэслэлүүд хангалттай олон байгаа аж. Тэрбээр сонгуулийн өмнөхөн “найз нөхөд, дайсан гэлтгүй бүгдээрээ Америкийг шулан мөлжиж байгаа нь илт боллоо, иймээс эл байдлыг өөрчлөхийн тулд аж үйлдвэрийн салбарт ажлын байрны тоог нэмэгдүүлнэ” гэсэн амлалт өгсөн юм. “Улс орон маань ган, хөнгөн цагаан үйлдвэрлэж чадахаа боливол бид үндэсний аж үйлдвэрийн талаар ярих нь утга учиргүй хэрэг болно. Батлан хамгаалах тал дээр өөрийн гэсэн маш хүчтэй үйлдвэрлэгчид бидэнд хэрэгтэй” гэж тэрбээр хэлсэн байна.

Өнгөрсөн 2017 онд АНУ 108 сая тонн ган хэрэглэсний 30-35 сая тонныг нь импортоор авчээ. Импортын ганд татвар ногдуулснаар Америкийн эрх баригчид гангийн үйлдвэрлэлийн хүчин чадлын ашиглалтыг 72 хувиас 80 хувьд хүргэх зорилго тавьж байгаа бололтой. Тодруулбал, импортын татвар ногдуулснаар АНУ-д гангийн үйлдвэрлэлийн хэмжээ 13 сая тонноор өсөх аж. 

Статистик мэдээллийг үзвэл, ган төмрийг хамгийн их хэмжээгээр импортлогч орон болох АНУ-ын металлургийн салбарт ажлын байрны тоо 34 хувиар цөөрснөөс гадна хөнгөн цагааны хэрэглээнийхээ дөнгөж 10 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа аж. Өнөөгийн ийм байдлыг Трамп шиг бизнес эрхлэгч, прагматик сэтгэлгээтэй хүн тэвчиж чадахгүй нь ойлгомжтой.

Металлургийн салбараа хамгаалах талаар Америкийн өмнөх удирдагчид тодорхой алхам хийж байжээ. Жишээ нь, Ерөнхийлөгч бага Бушийн үед буюу 2002 онд импортын ганд 30 хувийн татвар ногдуулж байв. Үүний улмаас гангийн үнэ хэт өсч, ган хэрэглэдэг Америкийн компаниуд дампуурч, тэдгээрт ажиллаж байсан 200 мянга гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байв.  Түүнчлэн, бусад улс орнууд, Дэлхийн Худалдааны байгууллагын зүгээс хариу хориг арга хэмжээ авснаар S&P500 болон бусад индексүүд 30 хувиар унасан тул хэдхэн сарын дараа Ерөнхийлөгч Буш гаргасан шийдвэрээ цуцлахаас аргагүйд хүрч байжээ.



Импортоор хямд хөнгөн цагаан, ган авах нь Америкийн металлургийн салбарынханд хохиролтой боловч эдгээр металлыг хэрэглэгчид, тэдний дотор барилгын салбарынханд өсч дэвших боломжийг олгож байгаа юм. Ийм учраас Трампын шийдвэр нь хүсэн хүлээсэн үр дүнд хүргэхгүй байх магадлал бий.

Эцэст нь хэлэхэд, урьд өмнө нь өрнөж байсан “худалдааны дайнууд”-ад ялагч тодрон гарч ирдэггүй байсан бөгөөд бие биетэйгээ барьцан татвараа нэмсэн “дайтагч талууд” бүгд л хохирол амсдаг байв. Хэдийгээр Америкийн эрх баригчид “худалдааны дайн” дэгдэхгүй гэж мэдэгдэж байгаа боловч сүүлийн үед ирж буй мэдээллийг үзвэл, АНУ ганцаараа 110 улсын эсрэг дайтахад хүрч магадгүй байна. Гэтэл Д.Трамп хэлэхдээ “худалдааны дайн хийх нь муу зүйл биш, энэ дайнд хялбархнаар ялах боломжтой” гэсэн байх юм. Үнэхээр АНУ дайнд ялах эсэхийг цаг хугацаа харуулах болно.

Б.Адъяахүү 

Монгол брэнд