top banner

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг баяжуулснаар шим тэжээлийн дутагдлаас сэргийлнэ


2018-03-14 13:32:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний V судалгааны үр дүнг танилцуулах уулзалт өнөөдөр Төрийн ордонд болов.

УИХ-ын гишүүн А.Ундраа, Ц.Гарамжав, Б.Батзориг нар хүнсний аюулгүй байдал, хүн амыг аминдэм, эрдэс бодисын дутлаас сэргийлэх, улмаар нийгмийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хоёр жилийн өмнө өргөн мэдүүлжээ. Судалгаанаас үзэхэд манай улсын хүн амын хүнсээр авч буй шаардлагатай эрдэс, витамины хэрэглээ хоногийн тундаа хангалттай хүрдэггүй. Хүн амын эрдэс, витамины дутагдлын судалгааг авч үзвэл, 7.4 хувийн иодын, 28.5 хувийн гемоглобины, 21.4 хувийн төмрийн, 32.4 хувийн А витамины, 42.4 хувийн Д витамины дутагдалтай болох нь тогтоогджээ.


УИХ-ын гишүүн А.Ундраа уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн газар, НҮБ-ын Хүүхдийн төлөө сан хамтран Хүнс тэжээлийн тавдугаар судалгааг хийсэн болохыг тэмдэглээд нийт хүн амын дунд А, Д аминдэм, төмөр, фолийн хүчил зэрэг заавал байх ёстой шим тэжээлийн дутагдал дунджаар 95 хувьтай байгаа нь дахин батлагдсан. Энэ нь ялангуяа, өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эхчүүд, жирэмслэх насны эмэгтэйчүүдэд хүндээр тусч, зарим өвчний суурь нөхцөл болж байна. Тиймээс хамгийн өргөн хэрэглэгддэг нэр бүхий хүнс тэжээлийг баяжуулах зайлшгүй шаардлагатай хэмээв. 

Сүүлийн жилүүдэд Засгийн газраас хүнсний хангамж, хүрэлцээг нэмэгдүүлэх үүднээс “Атрын III аян”, “Ногоон хувьсгал” зэрэг хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн. Харин баяжуулсан хүнсний тухайд нэг жишээ дурдахад, хориод жилийн өмнөөс манай улс давсыг баяжуулж хэрэглээнд гаргах болсноор бамбайн өвчлөлийг бууруулж чадсан байна. Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийг батлагдахыг хүлээлгүй дотоодын зарим үйлдвэрлэгчдийн зүгээс ийм төрлийн хүнсийг үйлдвэрлэж эхэлсэн аж. Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байрлах “АПУ дейри” ХХК-ийн сүүний үйлдвэр нь олон улсын стандарт технологийн дагуу бүтээгдэхүүнээ Д аминдэмээр баяжуулан үйлдвэрлэж байгаа юм байна.

Иймд иргэдээ баяжуулсан хүнсээр хангаж, эрдэс дутагдлыг нөхөх бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ үйлдвэрлэгчдийг хууль, эрх зүйн орчноор хангах шаардлага үүссэн болохыг оролцогчид онцлов. Цаашилбал ЕБС-ийн сурагчдын "Үдийн цай" хөтөлбөр болон цэргийн байгууллага, рашаан сувиллын газар зэрэгт баяжуулсан хүнсийг нийлүүлдэг байх нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа хэллээ.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ


Монгол брэнд