top banner

Улсын Онцгой комисс Арвайхээрт ажиллав


2018-03-14 16:21:45
Зураг
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссын ажлын хэсэг өнөөдөр Арвайхээр хотод ажиллаж, шүлхий өвчний эсрэг авч буй арга хэмжээтэй танилцлаа. Одоогоор аймгийн хэмжээнд хяналтын 20 пост, хөдөлгөөнт эргүүлийн 5 пост байгуулан 170 гаруй төрийн албан хаагч 21 цагийн турш ажиллаж байгаа юм.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг хязгаарлаж, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хэвээр байгаа ба Арвайхээр хотын бүсэд буй 11900 толгой малыг вакцинжуулж, 120 гаруй гахайг устгалд оруулаад байна.
Аймгийн Засаг дарга Г.Ганболд Улсын онцгой комиссын ажлын хэсэгт хандан хэд хэдэн хүсэлт тавьсан юм. Тухайлбал “Аймгийн төв зэрэг хүн ам ихтэй суурин газруудад мал, амьтны гоц халдварт өвчин гарсан тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар тодорхой журам, заавар байдаггүй”-г хэллээ. Мөн мал, амьтнаа устгалд оруулсан айл өрхүүдэд нөхөн төлбөр олгох талаар хүсэлт тавихад улсын хэмжээнд нөхөн төлбөрийн өр 10 тэрбум төгрөгт хүрээд байгаа тул амлаж  чадахгүй гэв. Ажлын хэсгийн зүгээс өвчлөлийг тархаахгүйгээр богино хугацаанд дарахын тулд нийтийн тээврийн үйлчилгээг ч хорих нь зөв, хяналтын постуудад ажиллаж байгаа алба хаагчдын эрүүл мэндэд анхаар гэсэн заавар зөвлөмжийг өглөө.
Б.Батчимэг

Монгол брэнд