top banner

Монгол цэргийн түүхийг өгүүлсэн үзэсгэлэн нээв


2018-03-14 17:47:37
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Монголын зэвсэгт хүчний 97 жилийн ойд зориулсан "Монгол цэргийн дайчин уламжлал" үзэсгэлэн өнөөдөр Офицеруудын ордонд нээгдлээ.

Монгол цэргийн музей жил бүр 4-6 үзэсгэлэн гаргадаг. Харин энэ удаагийн үзэсгэлэнд Эртний монгол угсааны улсууд, Их монгол улсын цэрэг, зэр зэвсэг, дундад зууны үеийн монголын цэргийн түүх, 1911, 1921 оны хувьсгалыг ялах үйл хэрэгт зүтгэж байсан цэрэг дайчдын оруулсан хувь нэмрийг харуулсан үзмэрүүдийг дэлгэжээ. Мөн 1939 оны Халх голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, 1947 оны Баруун  хилийн  тулгаралтын бодит баримтууд, зэр зэвсэг, 1926 оноос хойшхи төрийн одонгийн загвар, маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан ширээ, дурсгалын зүйлс, залуу жанжин Ж.Лхагвасүрэнгийн цэргийн дүрэмт хувцас, Бүх цэргийн жанжин туг гээд содон сонин үзмэрийг тавьжээ. Түүнчлэн сүүлд баяжуулсан монгол цэргийн энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон үзмэрүүд ч сонирхол татаж байв. Уг үзэсгэлэнг Офицеруудын ордонд гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын  17-нд "Хүннү молл" төвд шилжүүлэн дэлгэж иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэх юм байна.
Ж.Батсайхан 

Монгол брэнд