top banner

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгох саналыг УИХ-д оруулахаар ажиллаж байна гэв


2018-03-19 02:29:57
Зураг
Төв МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 97 жилийн ойн баярын өдрөөр аймгийн иргэдтэй Төв аймгийн Зуунмод сумын “Монгол туургатан” театрт уулзаж, тэдний саналыг сонсов.

Уулзалтын өмнө Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат болон бусад албаны хүмүүс хүлээж авч уулзан аймгийн хөгжил, томоохон бүтээн байгуулалтууд тэр дундаа энэ оны долоон сард ашиглалтад орох “Монгол туургатан” театрын барилгын явц, Хөшгийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлын талаар танилцуулсан юм.

Дараа нь Төрийн тэргүүн “Монгол туургатан” театрт аймгийн иргэдтэй уулзахаар хүрэлцэн ирсэн юм. Тайзан дээр хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, эмэгтэйчүүд болон залуусын найман төлөөллийг оролцуулж, уулзалтаа эхлүүлэв. Уулзалтад Төв аймгийн 27 сумын төлөөлөл болсон 500 орчим иргэн оролцож, 300 гаруй иргэн санал хүсэлтээ биечлэн болон бичгээр илэрхийлэв.

Уулзалтын үеэр аймгийн иргэд намчирхал, ажилгүйдлийг багасгах, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн бүс болгох зэрэг аймгийнхаа онцлогтой уялдсан зарим асуудлыг ярьж байсан ч нийтлэг хөндөж байгаа сэдэв нь мөн л тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, ажилгүйдэл, өр, зээл, зээлийн хүү гэх мэт байв.

Зуунмод сумын 1-р багийн иргэн н.Батбаяр

“Би төрийн байгууллагад 30 гаруй жил ажилласан. Өнгөрсөн 2016 онд Төрийн албаны зөвлөлөөс зарласан сумын ИТХ-ын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад орж тэнцэн, ажиллаж байхад 2016 оны орон нутгийн сонгуулийн дараа намайг “уг гарвал, үзэл бодол өөр юм байна” гэж үзэн ажлаас  минь чөлөөлсөн. Би жил гаруй хугацаанд шүүхээр явсны эцэст Монгол Улсын дээд шүүхээс “ажлаас үндэслэлгүй халагдсан учир ажилд нь эргүүлэн томилох” тухай шийдвэрийг авсан ч ажилд эргүүлж томилоогүй бөгөөд ШШГЕГазарт хандсан боловч тус газар мөн огт хөдөлсөнгүй.  Манай аймагт Улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлдэггүй, давсан шийдвэр гаргадаг ИТХуралтай, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийдэг, үүргээ биелүүлдэггүй төрийн алба ажиллаж байна. Бид ийм байдлыг хүсээгүй” гэдгийг тэрээр Төрийн тэргүүнд учирласан юм.

Төв аймгийн Зуунмод сумын иргэн н.Эрдэнэтулга
 

Гуравдугаар сарын эхээр Солонгост амьдрах монголчуудыг бүртгэсэн. 18-39 насны, ажил хөдөлмөр хийх ид насны залуус цементэн шалан дээр 2-3 хонож, гэрээнд бүртгүүлж байна. Би тэднийг буруутгахгүй байна. Яагаад гэвэл залууст ажил үнэхээр олдохгүй байна. Хоёрдугаарт, тэднийг нөхөж Хятад улсаас маш олон хүн Монголд ажиллахаар ирдэг. Миний ажиллаж байгаа газарт ч гэсэн маш олон хятадууд байдаг. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь цементийн үйлдвэрт би ажилладаг юм. Тэнд монголчууд цалин бага авч байна. Хятадын мэргэжилтэн гэж ирсэн хүмүүс олон сая төгрөг авдаг. Гэвч, бидний ажил хийж байгаа байдал, чадварын хооронд ямар ч ялгаа байхгүй. Бид хийж чадна. Эх орондоо хөдөлмөрөө үнэлүүлж, эзэн нь болмоор байна.

Төв аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл Т.Батсайхан
 

“Оёдлын бүх үйлдвэрүүд өнөөдөр хаагдаад,  оёдолчид ажилгүй байна. Үе үеийн УИХ-д манай Төв аймгийн гурваас дөрвөн гишүүн гарч байсан. Гэвч дорвитой ажлууд хийгдээгүй. Ард түмнийг намчирхаж талцуулах хэрэг байна уу. Үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих ёстой биз дээ. Улсын үйлдвэрт ажилд орвол намын харьяаллаар ажлаас чөлөөлдөг. Худгийн ус түгээгчийг хүртэл халдаг. Төв аймагт олон сайхан оёдолчид байдаг ч тэд өнөөдөр ажилгүй байна. Урьд өмнө манай аймагт олон оёдлын үйлдвэрүүд байсан. Саяхнаас Америкийн Нэгдсэн Улс руу бүтээгдэхүүн гаргах сураг дуулдсан. Энэ асуудал хэрэв шийдэгдвэл, оёдлын салбарын бид ажилтай болох боломжтой байна” гэв.

Зуунмод сумын 5-р багийн ахмад настан С.Дарьсүрэн

“Манай багт 95 айл байдаг. Энэ асуудал олон жил яригдаж байгаа ч тоймтой шийдвэр гарахгүй удаж байна. 95 айлыг өөрийн гэсэн өмчтэй болгож өгөхийг танаас хүсч байна. Мөн өнгөрсөн сараас тэтгэвэр 27 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Улс орондоо жинхэнэ сэтгэлээрээ ажилласан хүмүүс тэтгэвэрт гарахаараа хамгийн доод 280 мянган төгрөгөөр тогтоолгож байна. Ахмадын тэтгэвэр, тэтгэмж нэмэгдүүлэх талаар анхааралдаа авахыг хүсч байна. Төв аймгаас сонгогдож төрд гарсан үе үеийн төрийн түшээд тань шиг ингэж иргэдтэйгээ уулзаж байгаагүй. Сонгууль болохоор бидний саналыг авах гэж үүгээр үзэгддэг. Нэг ирж уулзахаар олон сайхан амлалтууд өгөөд явдаг ч сонгуулийн дараа тэр амлалтууд нь биелдэггүй. Урьд ямар байсан одоо ч яг л тэр хэвээр байна” гэсэн юм.

Төв аймгийн Зуунмод сумын өндөр настан н.Бира
 

"Монголчууд бид олон тэрбум ам.долларын өрөнд орсон байна. Таныг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Ерөнхий сайд БНСУ-аас мөнгө зээлж, зээлсэн мөнгөөрөө утаа багасгана гэлээ. УИХ дарга бас Турк явж мөнгө зээлсэн байна. Үүнийг өөрчлөлт гэж үзэх үү? Мөнгө зээлээд л оффшорт хийгээд байгаа шүү дээ. Хоёр хөршийн туршлагаар бол шууд л барьж ирээд хорьдог. Харин Монголд 49 хоногийн хугацаа өгч харин ч толгойг илээд байна уу гэж харлаа. Одоо тэгэлгүй хоёр хөршийн жишгийг хармаар байна. Энэ хоёр улсаас мөн хөгжлийн гарцыг нь харахад ч буруудахгүй гэж боддог. Одоогийн энэ тогтолцоогоор бид цаашдаа яаж явах нь тодорхойгүй байна. Шинэ Үндсэн хууль гэж яриад байгаа. Тэр Үндсэн хуулийг нь судалж, ард түмэн сонгодог, сонгосон шигээ эргүүлэн татдаг шударга тогтолцоотой байх шаардлагатай гэж бодож байгаа. Тиймээс энэ чиглэлд анхаарлаа хандуулж өгөөрэй" гэлээ.

Батсүмбэр сумын иргэн н.Энх-Амгалан
 
“Монгол Улс иргэнгүй болжээ. Бүгдээрээ л гадагшаа явж хүмүүс хэдхэн төгрөгийн төлөө л Солонгост ажиллаж байна. Ажиллаж байхдаа биегүй болж ирээд буцаагаад Солонгост эсвэл гадаадын үнэтэй эмнэлэгт эмчлүүлэхээр эмчилгээнд их мөнгө зарцуулдаг. Мөн монгол гэр бүлгүй болж байна. Олон жил, сараар явж байна. Монголын гэр бүлийн амьдрал тогтворгүй байна. Энэ талд дээр бодлоготой ажиллаж, ажлын байрыг бий болгох, эрчүүдийг цалинтай цэрэгт нь явуулж, хийх ажлын хийлгээд өгөөч гэж хүсч байна” гэлээ.

Заамар сумын иргэн Л.Амгаланбаяр
 

"Заамар сумын 5400 иргэний дуу хоолойг төлөөлөн ирлээ. Үндсэн хуулийн 6.1 "газар доорх баялаг ард түмний мэдэлд, төр хамгаална” гэсэн заалт байдаг. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн “4.1.13. “тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон” гэж заасан байдаг. Заамар сум 27 жил уул уурхайн нөлөөлөлд автагдаж ирлээ. Энэ хугацаанд сумын иргэд бид олон зүйлээр хохирч  байна. Энэ үйл явц эхнээсээ л хууль зөрчиж, өнгөрсөн оны долоон сарын 20-нд Заамар сумын өвөр лүү 14500 га хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Манай аймгийн удирдлагууд хуулиас давсан журам батална. Аймгийн удирдлагуудын оролцоотой гарсан тус журмаар Заамар суманд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Үүнтэй холбоотойгоор Заамар сумын иргэд бүтэн жилийн хугацаанд тэмцэл хийж байна. Бидний тэмцлийг аймгийн удирдлагууд эцэстээ түмний доог болж харагдуулахаар ажлуудыг хийж байгаад бид харамсаж байна. Тэмцлийн үр дүнд УУХҮЯ-ны сайд Д.Сумьяабазар “Хязгаарлагдмал тендер сонгон шалгаруулалтыг журам”-ыг хүчингүй болгосон юм. Ингэснээр Заамар суманд олгогдсон хайгуулын тусгай зөвшөөрөл хүчингүй болох болов уу гэсэн хүлээлт бидэнд байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгож хууль зөрчиж буй талаар өнгөрсөн оны 10 дугаар сарын 24-нд Мөнх-Алдрын талбайд бид тайван жагсаал хийсэн. Энэ үеэр аймгийн Засаг дарга болон аймгийн ИТХ дарга нарт гурван шаардлага хүргүүлж, түүн дотор “хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлуулж өг” гэдгийг оруулсан. Гэвч өнгөрсөн оны 11 дүгээр сарын 30-нд Төв аймгийн удирдлагууд бидний санал хүсэлтийг УУХҮЯаманд уламжлахдаа “иргэдийн хүсэлтийн дагуу талбайн хэмжээг багасгаж өгнө үү” гэдэг асуудал хүргүүлсэн байсан. “Тусгай зөвшөөрлийг цуцлуул гэхээр талбайн хэмжээ багасгаж өгнө үү” гэж уламжлаад байх юм.  Уг асуудал явсаар одоо шүүхэд маргаан болоод явж байна. Асуудал шийдэгдтэл Төв аймгийн Төрийн өмчийн оролцоотой компани ямар нэг үйл ажиллагаа явуулах ёсгүй. Мөн энэ оны 03 дугаар сарын 5-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газрын 410 тушаалаар тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээг багасгасан. Энэ бүхний ард их хэмжээний мөнгөний асуудал яригдана. Энэ асуудалд та төрийн хяналт тавьж өгөхийг хүсч байна" гэв.

Төрийн тэргүүн энэ асуудалд хариулт өгөхийг Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалаас хүсэхэд Тэрээр: 

“Заамарын асуудлаар орон нутгийн иргэд хүсэлт саналаа ирүүлдэг. Энэ асуудлыг бид анхааралтай судалж байна. Энэ хүрээнд холбогдох бүх байгууллагууд судалж үзэн УУХҮЯамнаас энэ тусгай зөвшөөрлийг цуцлах нь зүйтэй гэсэн чиглэл өгсөн. Энэ дагуу тусгай зөвшөөрлийн 11 мянга газрыг багасгаад гурван мянган га газар болгон үлдээхээр шүүхийн түвшинд яригдаж байна. Гол асуудал орон нутагт уул уурхай эрдэс баялгийн үр өгөөжийг иргэд өөрсдөө хүртэх ёстой юм. Компанийн авч байгаа ашгийн 34 хувийг орон нутагт өгөх, үлдсэн тодорхой хэсгийг аймагт төвлөрүүлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн хөгжилд зарцуулахаар шийдсэн. Аймгийн ИТХ-аас тодорхой бодлоготойгоор орон нутгийн өмчийн оролцоотой компани байгуулах шийдвэр гаргасан. Одоо хайгуулын үйл ажиллагаа эхлэх гээд орон нутгийн иргэдийн нөхцөлтэй тулгараад байна. Цаашид орон нутагт байгаа эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэн хүртдэг байх тэр л асуудал юм. Ойрын хугацаанд шүүхээс тодорхой шийдвэр гарч энэ асуудал нэг талдаа цэгцэрнэ” гэсэн юм.
 
Уулзалт санал хүсэлтийн дийлэнх нь ажилгүйдлийг багасгаж, ажлын байр олноор бий болгох, залуучуудыг гадагшаа биш дотооддоо өндөр цалинтай ажиллах боломжийг нэмэгдүүлэх, намчирхлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон эмэгтэйчүүд, залуучуудыг оролцоог дэмжих, шүүхийн шийдвэрээс давсан тушаал шийдвэрийг цэгцлэх зэрэг асуудлууд байсан тул Ерөнхийлөгчийн Тамгын газар энэ асуудлаар Ажлын хэсэг байгуулж, эрчимтэй ажиллана хэмээн Төрийн тэргүүн Төв аймгийн иргэдтэй уулзах уулзалтын үеэр хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА УУЛЗАЛТЫН ТӨГСГӨЛД:

"Төв аймаг Монгол Улсын нийслэл оршин тогтнодог том газар нутаг. Үндсэндээ дэд бүтэц бүгд байна. Намайг ЗТБХБЯ-ны сайд байхад 2018 онд ашиглалтад орох Хөшгийн хөндийн нисэх онгоцны буудлын ажил эхэлж байсан юм. Нисэх онгоцны буудлын хүчин чадлыг бид өндрөөр хийсэн. Сая Засгийн газар шийдвэр гарган 51 хувийг Японы талд эзэмшүүлсэн. Энэ бол зөв шийдвэр. Төв аймаг өөрөө бүтээн байгуулалтын асар их боломжтой мөртлөө бүтээн байгуулалтад хойрго ханддаг. Уулзалтын өмнө аймгийн удирдлагуудад “та нарт асар их боломж байгаа, энэ боломжийг шүүрч аваад эхнээс эхлүүлээд яв" гэдэг саналаа хэлсэн.

Монгол Улс шиг арвин түүхтэй улс орныг жуулчдад таниулах, сурталчлах ажил шинэ нисэх буудлыг түшиглээд далайцтай хөгжүүлэх нь зүйтэй юм. Энэ хаврын чуулганаар аялал жуулчлалын бодлогыг батлуулах ёстой. Үүнийг та бүхэн сонгогдсон төрийн түшээддээ хэлж дамжуулж, захиж, сануулж ажиллаарай. Аялал жуулчлалд дутагдалтай тал нь дэд бүтэц байхгүй. Одоо бидэнд Хөвсгөл, Говь, Хэнтий, Дорнод болон Дундговь аймгуудыг холбосон хоёр мянган километр урт зорчигчдын галт тэрэгний зам байгуулах шаардлагатай байна. Ингэснээр бид 1-5 сая хүртэлх жуулчид оруулж ирнэ. Үүнийг дагасан олон ажлын байр бий болно.

Уулзсан газар бүрт ажлын байр, ажилгүйдлийн талаар ярьж байна. Аж ахуй нэгж, бизнесийн салбарыг дэмжиж тодорхой том хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газар, УИХурал зарлаж байж ажлын байр бий болгох, болохгүй бол УИХ-аас баталсан олон тогтоол шийдвэрийг эргэн харж, дахин гаргах юм. Энэ тохиолдолд ажлын байр олноор бий болно. Иргэдийн цалин бага байна. Тухайлбал 1,5-аас доод тал нь 2 сая төгрөг байлгах хэрэгцээ байна. Өнөөдөр монголчууд БНСУ-д 3-4 сая воны цалингийн төлөө ажиллаж байна. Хонон өнжин оочер дараалал аван байж эрхийг нь олж аваад тэндээ нэг хоёр сар хар ажил хийдэг. Бид энэ байдлыг урамшуулах ёсгүй. Харин авто зам, төмөр зам, барилгажилт, шинэ хөдөө, аймгуудын төвүүдийг холбосон дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтуудыг хийх ёстой.

Бид сонгуулиар мөнгөнд саналаа өгдөг байсан. 10, 20 мянган төгрөгөнд саналаа өгчөөд тэр саналыг авсан хүмүүс нь сонгогдсоныхоо дараа өөрсдийнхөө төлөө ажилладаг. Дараа дараагийн сонгуулийг мөнгөний сонгууль болгомооргүй байна. Мөнгийг аваад нөгөө талдаа өгчихдөг баймаар байна.

Бид урагшаа нүүрс, зэс, жонш, ноос, арьс шир сүүлдээ махаа, хүнээ, хүүхдээ гаргаж байгаа. Энэ нь Монгол Улсын төрийн бодлого гэдэг юм байхгүй болсны шинж юм. Намын бодлого төрийн бодлогын дээр гарсан байна. Намчирхал гэдэг нь өнөөдрийн ядуурал, өр ширэнд ороход хүргэсэн байна.

Авилгатай тэмцэх газар хангалттай сайн ажиллахгүй байна. Энэ байгууллагатай тулж нэг, гуйж нэг ажиллаж байна. Одоо гуядаж ажиллана, гуядахад та бүхэн тус дэм болоорой.

Төв аймаг нь оёдлын маш том бааз байж, олон хүнийг ажлын байраар хангадаг байсан нь үнэн. 1992 онд Америкийн Нэгдсэн Улс руу татваргүй оёмол бүтээгдэхүүн оруулах зөвшөөрлийн квотыг Монголд өгсөн. Харамсалтай нь ашиглаж чадаагүй. Яагаад?, яагаад гэвэл 1992 онд оёдлын машин худалдаж аваад байр түрээслээд явчих хөрөнгөтэй хүн байгаагүй. Тэр квотыг хонконг, хятадын  эздүүд орж ирээд монголчуудад хямд хөлс төлж ашигласан. Бид ашиглаж чадаагүй. Одоо нөхцөл байдал өөр болсон. Өнөөдөр хүмүүс оёдлын машинтай болсон. Үйлдвэрийн байртай хүмүүстэй болсон учраас миний бие дахин АНУ-ын конгресст захиа бичсэн. “Монгол ардчилалд тууштайгаар 30 жил зүтгэсэн. Үүнийг дэмжиж та бүхэн Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг АНУ-д татваргүйгээр оруулдаг бодлогоо эргэж харж, биднийг дэмжинэ үү” гэдэг саналыг тавьсан. Энэ дагуу лобби бүлэг байгуулагдан, ажиллаж байна. Оёдлын салбарын 30 мянган ажлын байрыг дэмжих болов уу гэж найдаж байна.

Намайг Ерөнхийлөгч болсноос хойш Заамарын асуудлаар гомдол гарч байсан. Би шинээр сонгогдсон УУХҮЯамны сайд Д.Сумъяабазарт "одоо Монгол Улсын газар нутагт дахиж шинээр хайгуул, ашигт малтмалын лиценз нэмж битгий олго. Хангалттай лиценз тараагдсан. Заамарын асуудалд анхаарал хандуулаарай. Учир нь хууль бусаар 15 мянга га газрыг хайгуулын лиценз нэрээр олгосон. Түүнийг цуцлаарай" гэж хэлсэн.

Тэтгэврийн хувьд өнөөдөр манай улсад нийт 380 мянга орчим ахмад настан тэтгэвэр авч байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд Үндэсний тэтгэврийн тогтолцооны чиглэлээр ажил хийж байна. Гурван хүн тутмын хоёр нь бүрэн тэтгэврийн доод хэмжээ болох 220 мянган төгрөг авдаг. Ахмадууд 300 мянган төгрөг хүрэхгүй тэтгэврээр амьдрахыг энэ нийгэм тулгаж байна. Гэхдээ бид ирэх дөрөвдүгээр сарын 5-нд буюу УИХ-ын Хаврын чуулганы нээлтээр тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргээч ээ, гэсэн саналыг УИХ-д өргөн барина.  Богино хугацаанд ахмадуудынхаа тэтгэврийг үлэмж хэмжээгээр буюу доод хэмжээг 500 мянган төгрөг болгох боломжийг судалж, УИХ-д санал оруулахаар эрчимтэй ажиллаж байгаа. Тийм учраас та бүхэн ч гэсэн УИХ-ын гишүүдээ тойрогтоо ирэхэд энэ асуудлыг дэмжээрэй гэдгийг уламжлаарай” хэмээн хүсэв.

Т.Есүхэйтөмөр

Сурталчилгаа
Монгол брэнд