top banner

Ж.Бат-Эрдэнэ: Агаарын тээврийн салбар дахь төрийн оролцоог бууруулах ёстой


2018-03-19 13:35:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Агаарын тээврийн салбарын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлж, шийдвэр гаргагчдад зөвлөмж хүргүүлэх зорилго бүхий “Агаарын тээврийн либералчлал, Иргэний нисэхийн шинэчлэл” сэдэвт нисэхийн салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр эхэллээ.

Агаарын тээврийн салбар дахь төрийн оролцоог бууруулж, либералчлах бодлого баримталснаар энэ салбарын хөгжил, шинэчлэлд ихээхэн түлхэц үзүүлнэ хэмээн зөвлөгөөнийг зохион байгуулагчид онцолж байна. Тухайлбал, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, “Агаарын тээврийн салбарт либералчлал хийж, энэ салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл, 1999 онд батлагдсан Иргэний нисэхийн тухай хуульд одоог хүртэл өөрчлөлт оруулаагүй. Мөн олон улсын агаарын харилцаагаа өргөжүүлэх, зарим нислэгийн тоо, давтамжийг нэмэх шаардлага бий. Эдгээр ажилд төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Харин нислэг, шатахууний нийлүүлэлт зэрэгт төрийн оролцоог багасгаж, хувийн хэвшилд боломж олгож, өрсөлдөөнийг бий болгох нь туйлын чухал. Тухайлбал, нисэхийн салбарт ердөө хоёр компани л шатахуун нийлүүлж байгаа. Үүнийг өөрчлөн, өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Ингэснээр шатахууны үнэ буурна. Мөн “МИАТ” компанийн засаглалыг сайжруулах ёстой. Үүний тулд төрийн мэдэлд 51 хувийг үлдээж үлдсэн хэсгийг нь хувьчлах зэрэг боломж бий. Өөрөөр хэлбэл, төрийн оролцоог бууруулснаар 49 хувийг авсан хувийн хэвшлийн байгууллага засаглал, менежментийг сайжруулах бодлогоо хэрэгжүүлэх юм. Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал удахгүй ашиглалтад орно. Тиймээс “Чингис хаан” нисэх буудлыг хэрхэн ашиглах вэ гэдэг асуудал тулгарч байгаа. Салбарын төрийн болон ТББ, мэргэжилтнүүд хуучин нисэх буудлыг сургалтын зориулалтаар ашиглах нь зөв гэсэн санал гаргаж байгаа. Ямартай ч Улаанбаатар хотын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц байдлаар ашиглана. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна. Энэ мэт агаарын тээврийн салбарт либералчлалх бодлого баримталснаар тасалбрын үнэ 20 хувиар буурна гэсэн судалгаа бий”  гэлээ.

ЗТХЯ-наас ойрын хугацаанд төв, орон нутгийн нисэх буудлуудыг нэгтгэсэн төрийн өмчийн компани байгуулах, 2018-2022 онд хэрэгжүүлэх “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр” батлах, аж ахуйн нэгжүүд шинээр нислэгийн чиглэл нээсэн тохиолдолд тухайн нислэгийг тогтворжих хүртэл газрын үйлчилгээний тарицыг хөнгөлөх, чөлөөлөх зэрэг ажлыг хийхээр төлөвлөсөн байна.

Зөвлөгөөнд оролцогчид дээрх ажлууд болон бусад чиглэлээр өөрсдийн санал, хүсэлтээ нэгтгэж, шийдвэр гаргагчдад зөвлөмж болгон хүргүүлэх юм.
Зөвлөгөөн үргэлжилж байна.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ

Сурталчилгаа
Монгол брэнд