top banner

Таван сумын малыг мялзангийн шинжилгээнд хамруулна


2018-03-19 14:35:59
Зураг
Увс /МОНЦАМЭ/. Энэ онд мялзангаас сэргийлэх ажлыг үргэлжлүүлэхээр болж, Өмнөговь, Хяргас, Ховд, Наранбулаг, Түргэн сумдын мянга гаруй малыг шинжилгээнд хамруулан, мялзан өвчний тандалт хийхээр болжээ. Уг ажлыг Улсын мал эмнэлгийн Ариун цэврийн төв лабораторийн вирус судлагч эмч Б.Улаанхүү болон аймгийн ХХААГ-ын холбогдох эмч мэргэжилтнүүдээс бүрдсэн баг тухайн сумдад очиж хийх юм.

“Эхний ээлжинд мялзан өвчний тандалт хийх бол үргэлжлүүлээд найман төрлийн халдварт өвчний эсрэг вакциныг аймгийн хэмжээнд 325 мянган толгой бод, 1,5 сая бог малд хийхээр төлөвлөөд байна” хэмээн аймгийн ХХААГ-ын мэргэжилтэн Н.Батбаяр хэллээ.
Увс аймаг малын халдварт өвчингүй бүс нутаг болох, малаа эрүүлжүүлэх асуудалд онцгой анхаарч, улмаар гадаад дотоодын зах зээлд мах нийлүүлэхийг зорьж байгаа юм.
2016 онд Увс аймгийн Өлгий, Өмнөговь сумдад мялзан өвчин гарсны улмаас тухайн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоож, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байсан юм. Мялзан өвчний улмаас тухайн үед 950 гаруй толгой мал хорогдож байсан ч шуурхай ажилласны хүчинд халдварын голомтыг барьж чаджээ. Тэгвэл өнгөрсөн онд мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 16 сумын 858,400 толгой малыг мялзангийн вакцинд хамруулсан байна.
Б.Батхүү

Сурталчилгаа
Монгол брэнд