top banner

ШУТИС шинэ үеийн инженер бэлтгэх “CDIO” сургалтын аргыг нэвтрүүлж байна


2018-03-19 14:42:35
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй багшийг хөгжүүлэх, CDIO арга зүйг нэвтрүүлэх ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үйл ажиллагааг энэ сарын 16-нд амжилттай зохион байгууллаа.

Дэлхий нийтийн CDIO хамтын ажиллагаа нь “Бодож сэтгэх - Төлөвлөж загварчлах - Бүтээн ажиллуулах - Хэрэгжүүлэх” гэсэн бодит үйл ажиллагаа, бүтээгдэхүүнийг бий болгодог циклийн дагуу инженерийн боловсролыг шинэчилж, оюутанд инженерийн суурь мэдлэг, практик дээр хэрэгжүүлэх ур чадвар, хувь хүний төлөвшил, хандлагын цогц чадамжийг олгох зорилготой инженерийн боловсролын тогтолцоо юм.
 
Дэлхийн олон оронд CDIO санаачлагыг:
•    Зах зээлийн эрэлтэд нийцэн үр бүтээлтэй ажиллаж, бүтээмж, инновацийг бий болгон, амжилт гаргаж чадах ирээдүйн мэргэжилтнийг бэлтгэх систем
•    Инженерийн хөтөлбөрт зориулж бий болгосон, боловсрол олгох түвшин (МСҮТ, дээд сургууль, коллеж, их сургууль), онцлог, өвөрмөц хэрэгцээндээ тохируулан өөрчилж болохоор зохицуулагдсан сургалтын шинэ - нээлттэй арга зүйн загвар гэж үзэж байгаа билээ.

ШУТИС нь инженер технологийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын тэргүүлэх сургууль болохын хувьд дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудын сургалтын технологи, арга зүйн шинэчлэлийн туршлагатай танилцаж, 2011 оноос эхлэн CDIO сургалтын аргыг нэвтрүүлэх ажлыг эрчимтэй хийж байна. “ШУТИС-ийн инженер, технологийн гурван хөтөлбөрт CDIO-г нэвтрүүлэх” төслийн хүрээнд “Цахилгаан холбоо”, “Үйлдвэрлэлийн автоматжуулалт”, “Нэхмэлийн үйлдвэрийн технологи” хөтөлбөрүүдийн сургалтын орчинг бүрдүүлэх, цахилгаан бараа, тоног төхөөрөмж худалдан авах, урлан шинэчлэх, хөтөлбөр боловсруулах арга зүйн зөвлөмжийг боловсруулах, хөтөлбөр болон хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн сайжруулах, цахим хичээлүүд бэлтгэх, хөтөлбөрийн нэгдсэн үнэлгээ хийлгэх зэрэг ажлуудыг  БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн нэгжээр дамжуулан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж байна.
 
2015 онд ШУТИС нь CDIO-ийн гишүүн их сургууль болсноор, БСШУСЯ болон Сингапурын Темасек сантай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж, CDIO-ийн Азийн бүсийн төв болох Сингапурын Политехник (SP), Сингапур Политехник Интернэшнл (SPI) байгууллага, Сингапурын Темасек сангаас дээд боловсролын сургалтын арга зүйн дэмжлэг аван хамтран ажиллаж байна. Тус ажлын хүрээнд Сингапурын Темасек сан болон Монгол Улсын БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэлийн төслийн хүрээнд АХБ-ны санхүүжилтийн дэмжлэгтэйгээр CDIO-ийн стандарт, арга зүйн 5 багц сургалт аван, улсын хэмжээнд CDIO сургалтын арга зүйг заах эрхтэй 26 мастер багшийг бэлтгэж CDIO-ийн Мастер багш нар ШУТИС, ХААИС, МУИС, ХСИС, БХИС, СУИС, ТТДС, Этүгэн, Их засаг, GMIT зэрэг төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулийн 2000 шахам багш нарын дунд 21-р зууны мэргэжилтэнг бэлтгэх орчин, сургах, суралцах арга зүй, сургалтын идэвхитэй арга хэлбэрүүд, шинэ дэвшилтэт сургалтын технологи, сургалтын төлөвлөгөө болон сургалтын хөтөлбөрийг боловсруулах арга зүйн сургалт зохион байгуулж, багш нарын сургахуйн  чадамжийг дэмжин ажиллаж байна.
   
Мөн CDIO-ийн стандарт, арга зүйгээр сургалтын үйл ажиллагааг шинэчлэн зохион байгуулснаар дотоодод төдийгүй олон улсад магадлан итгэмжлүүлэх хөтөлбөрүүдийн тоо нэмэгдэж, зах зээлийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй, боловсролтой шинэ зууны иргэнийг бэлтгэх боломж нэмэгдэх юм.
 
Цаашид сургалтын чанарыг сайжруулах, шинэ үеийн инженерүүдийг бэлтгэх ажлын хүрээнд ЗГ-ын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Үр дүнд суурилсан боловсрол" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх, инженер технологийн дээд боловсролд CDIO арга зүйг нэвтрүүлэх ажлыг өргөжүүлэх, эрчимжүүлэх зорилгоор Сингапурын политехникийн сургууль, CDIO-ийн Азийн бүсийн ИДС-тай хамтран ажиллаж,  дараагийн үе шат болох “Advancing CDIO” хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд Темасек сангаас зөвшөөрөл, дэмжлэг авах ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.
Ч.Ариунболд

Монгол брэнд