top banner

Худалдааны цахим мэдээллийн сан байгуулахад ОУСК дэмжлэг үзүүлнэ


2018-03-19 16:55:39
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монгол Улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх шинэчлэлийн ажилд Дэлхийн Банк Группийн гишүүн ОУСК-аас дэмжлэг үзүүлж байна.

Тодруулбал Худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн шинэчлэлийн ажлыг түргэтгэх, хөдөө аж ахуйн экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор Гадаад Харилцааны яам, Олон Улсын Санхүүгийн Корпорацитай харилцан ойлголцлын санамж бичгийг өнөөдөр байгуулсан юм.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын худалдаатай холбоотой хууль тогтоомжийн цахим мэдээллийн сан болох Худалдааны мэдээллийн портал байгуулахад ОУСК-иас дэмжлэг үзүүлэх юм байна.  Мөн ирэх таван жилд  тус төслийн хүрээнд  худалдаа, гаалийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хилийн хяналтыг хялбаршуулах төдийгүй экспортын шаардлагыг хангахад хувийн хэвшлийн чадавхийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах аж.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, "Худалдааг хөнгөвчлөх нь Засгийн газрын худалдаа, эдийн засгийн хөгжлийн бодлогын гол тулгуур юм. Энэ нь Монгол Улс экспортын өсөлтийг нэмэгдүүлэх зорилгодоо хүрэхэд ихээхэн хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Монголын худалдаа эрхлэгчдэд тулгараад буй саад бэрхшээлийг бууруулах, худалдааны дүрэм журмыг хялбаршуулах, холбогдох зардлыг багасгахад Дэлхийн Банк Группээс дэмжлэг үзүүлж байгаад Монгол Улсын Засгийн газар талархаж байна” гэлээ.

Энэхүү төсөл нь экспортыг төрөлжүүлэх, ялангуяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Дэлхийн Банк Группын зүгээс Монголд хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний нэг юм. Дэлхийн Банк нь “Экспортыг хөгжүүлэх хөтөлбөр”-өөр дамжуулан даатгалд хамруулах, чадавхийг бэхжүүлэх, санхүүжилт олгох зэргээр экспортлогчдыг дэмжин ажилладаг. Өнгөрсөн жил ОУСК-ийн зүгээс Монголын хөдөө аж ахуйн салбарыг дэлхийн өртгийн сүлжээнд нэвтрэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах тухай зөвлөмж бүхий иж бүрэн тайланг гаргасан байна.

“Ил тод, нээлттэй, цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн худалдааг хөнгөвчлөх тогтолцоо бүрдсэнээр Монголын бизнес эрхлэгчид, тэр дундаа хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компани, хувь хүмүүс гадаадын түншүүдтэйгээ худалдаа, арилжаа хийхэд илүү хялбар болно. Ингэснээр Монгол Улсын экспортын өрсөлдөх чадварыг сайжруулахад түлхэц үзүүлэх юм. Монгол Улсын Засгийн газрын зүгээс бизнесийн орчинг сайжруулах, экспортыг төрөлжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтыг Дэлхийн Банк Групп дэмжсээр байх болно" хэмээн ОУСК-ийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Туен Д. Нгуен хэлэв.

Хөдөө аж ахуйн салбар нь Монгол Улсын эдийн засгийн голлох нэг салбар бөгөөд ДНБ-ний 7 хувийг бүрдүүлдэг бөгөөд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 61 хувийг мах, сүүн бүтээгдэхүүн эзэлж байна.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх нэгжээр Дэлхийн Банк Группын Макро эдийн засаг, Худалдаа, Хөрөнгө оруулалтын газар ажиллах аж.
Б.Заяа

Монгол брэнд