top banner

Хуучны зургаан орон сууцыг засварлана


2018-03-19 23:05:59
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн төвийн 13, 14, 20, 21, 22, 26 дугаар байруудын дээвэр, орц, гадна талын засварын ажлыг энэ зун хийхээр болжээ. Мөн 13, 14 дүгээр байрны инженерийн шугам сүлжээг шинэчлэхээр төлөвлөсөн байна.
Орон нутгийн хөгжлийн сангаас дээрх байруудад засвар хийгдэх бөгөөд иргэдийн саналаар хийж байгаа аж. Энэ онд засвар хийгдэхээр сонгогдсон байрууд нь 2017 оны 7-8 дугаар сард аймгийн Нэг цэгийн үйлчилгээгээр авсан саналуудыг эрэмбэлэхэд зонхилсон саналууд юм байна. Олон жилийн насжилттай бусад байруудад засварын ажил шат дараатай хийгдэх бөгөөд тухайн багийнхаа Иргэдийн нийтийн хуралд идэвхтэй оролцож, санал хүсэлтээ хэлсэн байдлаас харгалзаж хэрэгжүүлэх ажлуудыг үндсэн чиглэлд тусгадаг байна.
Улирагч онд Баянхонгор сум байгуулагдсаны 60 жилийн ой тохиосон бөгөөд мөн үеэр төв зам дагуу байрладаг 12 болон 17 дугаар байр, олны хэлж заншсанаар “ёотон цагаан”-ы долоон байрны гадна тал, дээвэр, нийтийн эзэмшлийн орц, шат, хаалга зэрэгт иж бүрэн засварыг хийсэн юм. 1980-аад онд баригдсан дээрх барилгууд дээврээсээ дулаан алдагдалтай, бороо, ус нэвчдэг, орц, хонгилын эдэлгээ муудсан зэрэг гомдол тасардаггүй байсан бол засварын дараа орчин нөхцөл эрс сайжирч, дулаан, ая тухтай амьдрах боломж бүрджээ.
                                                                                                                                                          Б.Мөнхзул

Сурталчилгаа
Монгол брэнд