top banner

С.Баярцогт буруутай нь тогтоогдвол Оюу Толгойн гэрээг эргэж харах нөхцөл үүсч болзошгүй


2018-03-20 13:23:18
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан намаас "Оюу Толгойн гэрээ" байгуулсан асуудлын хүрээнд С.Баяр, С.Баярцогт нартай холбогдуулан Засгийн газар, УИХ-д мэдэгдэл хүргүүлж, УИХ-ын гишүүн асан С.Баярцогтыг намын гишүүнчлэлээс хасах шийдвэрийг тус намын удирдлага гаргасан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.  

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан мэдээллийн эхэнд, АН-ын гишүүн С.Баярцогттой холбоотой мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаатай холбогдуулан Улс төрийн зөвлөл өнөөдөр өглөө хуралдаж, энэ асуудлаар мэдэгдэл гаргах шийдвэрт хүрч, намын даргад зөвлөмж хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулж намын Үндсэн дүрмийн хороо хуралдаж, шийдвэр гарган, АН-ын даргын тушаал гарсан талаар тодотголоо. 

Тус намын Улс төрийн зөвлөлаас гаргасан мэдэгдэлд, “Монгол Улсаа төлөөлж, гадаадын хөрөнгө оруулагч, хуулийн этгээдтэй гэрээ, хэлцэл байгуулахдаа эх орныхоо эрх ашигт ноцтой хохирол учруулж, улмаар авлига, хээл хахууль авсан нь шүүхээр тогтоогдвол нам эвсэл, нэр нөлөө, эрх ямба харгалзахгүй хуулийн дагуу хатуу шийтгэгдэх ёстой гэж АН үзэж байна. С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын Сангийн сайд С.Баярцогттой холбоотой мэдээлэл цахим орчинд тархлаа. Дээрх мэдээллийн үнэн зөвийг албан ёсоор тодруулахаар АН-аас Швейцарийн Холбооны Улсын прокурорын газарт тодруулга авахаар хандсан. Энэхүү асуудалд С.Баярцогт гэм буруутайд тооцогдвол Монгол Улсаас Рио Тинто компанитай байгуулсан гэрээг эргэж харах зайлшгүй нөхцөл үүсч болзошгүй юм.
Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярын тэргүүлсэн Засгийн газрын гишүүд болон Монголын Улс төрчидтэй холбоотой оффшор данс авлига, хээл хахуулийн гэмт хэрэгт нэр холбогдсон асуудлуудыг нэг мөр болгон, цаг алдалгүй шийдвэрлэхийг олонхийг бүрдүүлж буй УИХ, Засгийн газар, хууль хяналтын байгууллагуудаас АН хариуцлагатайгаар шаардаж байна” гэжээ.

Үндсэн дүрмийн хорооны дүгнэлттэй холбогдуулан АН-ын дарга С.Эрдэнийн гаргасан тушаалд, АН-ын Үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 5.17.1, 5.17.5.2, 5.21.19 дэх заалт, Улс төрийн зөвлөл, Үндсэн дүрмийн хорооны тогтоолыг тус тус үндэслэн Сангажавын Баярцогтыг АН-ын гишүүнчлэлийн бүртгэлээс хассугай, тушаалын хэрэгжилтийг хангахыг ЕНБД Ц.Туваанд үүрэг болгосугай гэжээ. 



Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

-Энэ асуудлаар С.Баярцогттой өөртэй нь уулзсан уу? АН Швейцарийн прокурорын байгууллагаас ямар мэдээлэл авсан юм бол?

- АН өөрийн Үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Жилийн өмнө Үндсэн дүрмийн хороо хуралдаж Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдох асуудлыг түдгэлзүүлж байсан. Бүтэн нэг жилийн хугацаанд өөрөө ирж ямар нэгэн тайлбар хийгээгүй. Дэлхийн нэртэй хэвлэл мэдээллийн агентлагуудаар дээрх асуудалтай холбоотой мэдээлэл гарч эхэлсэн. Үүнд Швейцарийн прокурорын байгууллагын мэдээлэл гэсэн үг үсэг орсон учир мэдээллийг нягтлахаар хүсэлт явуулсан. АН дүрмийнхээ хүрээнд өөрийн гишүүддээ сахилга, ёсзүйн хариуцлага тооцдог. Энэ хүрээнд асуудлыг авч хэлэлцэн дээрх арга хэмжээг авч байна. 

-Тус улсын прокурорын байгууллагаас манай хуулийн байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой юу?

-Манай намаас гаргасан шийдвэр бол намын дотоод асуудалтай холбоотой. Харин уг асуудал бол олон улсын хууль тогтоомжийн хүрээнд явна. 

-Нэг сая ам.долларын оффшортой данстай нь холбоотой асуудалд хариуцлага яригдсан юм болов уу?

-Дүрмийн шинэчлэл саяхан батлагдсан учир шинэ зохицуулалтаар хариуцлага тооцож байна. Швейцарийн прокурорын байгууллагын хариуцлагатай албан тушаалтан С.Баярцогтын оффшор дансанд нь 1.8 сая ам.долларын үлдэгдэлтэй байна гэж мэдээлсэн. Тодорхой баримт байгаа учир энэ шийдвэрийг гаргаж байна. Гэхдээ энэ бол нэг гишүүн гэхээс илүү улс төрийн нам дамжсан бүлэглэлээс АН цэвэрлэгдэх эхний алхам хэмээн ойлгоосой гэж хүсч байна. 
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 

Монгол брэнд