top banner

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж, СТК-ын даргыг Монголд айлчлахыг урив


2018-03-20 17:18:05
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Москва хотноо ажиллаж байна.

Төлөөлөгчдийг ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга, хатагтай Элла Александровна Памфилова Сонгуулийн Төв Комиссын байранд хүлээн авч уулзсан бөгөөд энэ үеэр хоёр орны сонгуулийн төв байгууллагын удирдлагууд  олон жилийн уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаад, өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагааны хүрсэн түвшинг талууд өндрөөр үнэлэхийн сацуу цаашид түүнийг идэвхтэй хөгжүүлэх нь хоёр орны эрх ашигт бүрэн нийцнэ гэдэг дээр санал нэгдлээ.  


Мөн Монгол Улс, ОХУ-ын Сонгуулийн төв байгууллагуудын хооронд 2009 онд байгуулсан Хамтын ажиллагааны Санамж бичгийн үзэл санаа амжилттай хэрэгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа хоёр тал илэрхийлжээ.

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ОХУ-ын Сонгуулийн Төв Комиссын дарга Э.А.Памфиловад ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийг амжилттай зохион байгуулах ажилд нь амжилт хүсч, сонгуулийн нээлттэй, ил тод байдлыг хангах, сонгуулийн хууль тогтоомж, автоматжуулсан системийн техникийн шинэчлэлийг өндөр үнэлж, сонгуулийн үйл ажиллагааг ажиглаж, Оросын сонгуулийн сайн туршлагаас судлах, суралцах бололцоо олгосонд талархлаа илэрхийлсэн юм.

Уулзалтын үеэр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн ОХУ-ын Сонгуулийн Төв комиссын даргыг Монгол Улсад айлчлахыг урьсан байна. Хатагтай Э.А.Памфилова урилгыг талархан хүлээн авав.



Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажигласан Сонгуулийн Ерөнхий хорооны бүрэлдэхүүний өгсөн мэдээллээр, сонгуульд нийт 54.4 сая иргэн саналаа өгч, тооллогын дүнгээр одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин нийт саналаа өгсөн сонгогчдын 76,66 хувийн саналыг авч тэргүүлсэн байна. Харин нэр дэвшигч Павел Грудинин – 11,80% санал авсан бол Владимир Жириновский – 5,67%,  Ксения Собчак – 1,67%, Григорий Явлинский — 1,04%, Борис Титов — 0,76%, Максим Сурайкин— 0,68%, Сергей Бабурин — 0,65% санал аваад байгаа аж.

Сонирхолтой статистикаас дурдвал: 

  • Бие даан нэр дэвшигч Владимир Путин ОХУ-ын Ерөнхийлөгчийн  2012 оны сонгуульд авч байснаасаа илүү олон санал авсан байна. Түүнийг дэмжиж 45.7 сая гаруй сонгогч саналаа өгчээ.
  • Сонгогчдын 67 хувь нь сонгуулийн 46 мянган хэсэгт очиж саналаа өгсөн байна.
  • Гадаадын 145 улсад 385 санал авах байр ажиллуулжээ.
  • Оросын Ерөнхийлөгчийн энэ удаагийн сонгуульд 107 сая 230 мянган сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн байна.  Мөн 1,5 сая гаруй иргэн гадаад улсуудад байгуулагдсан хэсгүүдэд саналаа өгөхөөр бүртгэгдсэн байв.
  • Оросын 7 сая гаруй иргэн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож, анх удаа саналаа өгчээ.
  • “Госзнак”  хэвлэх үйлдвэрт гадаадад оршин суугаа иргэдэд зориулж нийт 1 сая 893 мянган 115 саналын хуудас хэвлэж хүргүүлжээ.
  • Сонгуулийн орон нутгийн комиссын 30 хувьд нь дарга нар нь, 50 хувьд нь тэдгээрийн орлогч нар нь өөрчлөгджээ.
  • Оросын Сонгуулийн Төв Комисст сонгуультай холбоотой 400 орчим гомдол ирсэн бөгөөд тэдгээрийг шуурхай хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
  • Сонгууль ажиглахаар гадаадын болон олон улсын байгууллагын нийт 1,4 мянган ажиглагчид бүртгэгджээ. Түүний дотор Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага 25 орны 60 ажиглагчдыг удаан хугацаагаар, 420 гаруй ажиглагчдыг богино хугацаагаар бүрэлдэхүүндээ багтаан ажиллуулсан байна.
  • 5,6 сая иргэд байнга оршин суугаа газраасаа өөр санал авах байранд саналаа өгөхөөр хүсэлтээ гаргажээ.
  • Сонгуулийн үйл явцад хөндлөнгийн ажиглалт хийх 100 мянган хүсэлт ирүүлжээ.
  • Сонгогчдын 80 гаруй хувь нь видео ажиглалт хийх техник хэрэгсэлтэй санал авах байранд саналаа өгсөн байна.
  • Орон нутаг дахь 2,7 мянган санал авах байранд видео камер байрлуулж, санал авах үйл ажиллагааг шууд ажиглах боломжоор хангав.
  • Оросын сонгуульд анх удаа сонгуулийн санал тооллогын протокол үйлдэх, дүн нэгтгэх ажиллагаандаа QR код бүхий технологи ашиглаж, сонгуулийн баримт бичиг, тооллогын дүнгийн үнэн зөв байдлыг баталгаажуулах ажил хийгдэв.
  • Саналын хуудас тоолох 13.5 мянган автомат иж бүрдэл ашиглажээ.
  • Түр оршин байгаа газар саналаа өгөх ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор “Мобильный избиратель” системийг анх удаа ашиглажээ.
  • Оросын 1,5 сая иргэд санал хураалтын явцыг Интернетээр ажиглах боломжтой байв.
  • Оросын өдөр тутмын 15 сонин, холбооны 5 телевиз, 3 радиод  үнэгүй сурталчилгаа  хийх эрх олгожээ.
     
Н.Туяа

Монгол брэнд