top banner

АТГ Швейцарийн ерөнхий прокурорын газартай хамтран С.Баярцогтын хэргийг шалгаж байна


2018-03-20 17:34:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтод холбогдох эрүүгийн хэрэгт Монгол Улсын Авлигатай тэмцэх газар Швейцарийн Ерөнхий прокурорын газартай хамтран ажиллаж байна. 

Ройтерс агентлагийн мэдээлснээр, Рио Тинто корпорацитай Оюутолгой төслийг байгуулахад авлига авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр Швейцарийн дээд шүүхээс Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогтын тус улсан банкин дахь дансуудыг битүүмжилсэн юм. Битүүмжилсэн дансуудын нэгээр нь 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлэн авсан бөгөөд энэ нь нэг төрлийн мөнгө угаасан хэрэг хэмээн үзэж буйгаа тус улсын прокурорууд мэдэгдээд байгаа.

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтод холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэрэгт Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс Швейцарийн Ерөнхий прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгааг мэдэгдлээ. Энэ ажлын хүрээнд С.Баярцогтын болон нэр бүхий хүмүүсийн Швейцарийн банкинд байршуулсан 1.836.851 евро, 161.393 ам.долларын хөрөнгийг битүүмжлээд байна. 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь С.Баярцогтын 9.2 сая ам.доллартай холбогдох эрүүгийн хэргийг Швейцарь улсын холбооны прокурорын газартай хамтран мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Хэргийг прокурорын хяналтан дор шалгаж байна.
Н.Туяа

Монгол брэнд