top banner

"Хүүхдэд ээлтэй орон нутаг" болох хэлэлцүүлэг өрнөж байна


2018-03-20 21:24:47
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын ажлын хэсэг Галуут суманд ажиллаж, "Хүүхдэд ээлтэй орон нутаг" дэд хөтөлбөрийг тус сумын эцэг эхчүүд, төрийн албан хаагч, ЕБС-ийн сурагчдаар тус тус хэлэлцүүлж, саналыг сонслоо. Энэхүү дэд хөтөлбөр нь Баянхонгор аймгийн хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах, хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлж, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.
НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улстай хамтран Хүүхдэд ээлтэй аймгийг болох таван жилийн стратегийг боловсруулж, Монгол Улсын хэмжээнд тавь дахь аймагтаа энэхүү стратеги, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Энд Баянхонгор аймаг сонгогдон, дэд хөтөлбөрийг аймгийн Засаг даргын захирамжаар боловсруулж, хөтөлбөрийн төслийг сонгогдсон гурван сумаар хэлэлцүүлж эхлээд байна.
Хэлэлцүүлгийн шатанд Галуут сумын иргэд хүүхдийн зан ааш, сэтгэл зүйн төлөвшилд хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо нэн чухал байгаа, Солонгосын олон ангит кино өсвөр үеийнхний сэтгэлзүйд хортой байгааг онцлов. Мөн хүүхдийн бие бялдрыг өв тэгш хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж, сургуулийн хичээлийн ээлжийг нэг хуваарьтай болгох ёстой гэдгийг ч хэлж байлаа.
Энэ хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын ажлын хэсгүүд Галуут, Эрдэнэцогт, Жинст, аймгийн төвийн 7, 9 дүгээр багт тус тус хийх аж.
Сонирхуулахад, Баянхонгор аймгийн 87243 хүн амтайгаас 35.8 хувь нь 0-18 хүртэлх насны хүүхэд байна. 2013-2017 оны статистикаар хараа хяналтгүй, гэр бүл, сургуулийн орчинд үе тэнгийнхний хүчирхийлэлд өртсөн, гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлсэн, хүүхэд хамгааллын үйлчилгээ авахаар хандсан хохирогч хүүхдийн тоо өссөн, сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 87, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 91.7 хувьтай байгаа хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хамрагдалт ердийн болон тусгай цэцэрлэгт 19.5, ердийн болон тусгай сургуульд хамрагдалт 18.4 хувьтай, хүүхдийг тэгш хамруулан сургах арга зүй, хандлага сул байгаа зэрэг нь энэ дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүдэл болжээ.
                                                                                                                                             Б.Мөнхзул

Монгол брэнд