top banner

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн 2018 оны төлөвлөгөөг батлав


2018-03-21 11:49:40
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн ээлжит хуралдаанаар тус зөвлөлийн энэ онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг батлав.

Тус зөвлөл энэ онд Бодлого, зохион байгуулалт, Сургалт судалгаа, Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх болон Архидан согтуурах, мансуурах бодисоос урьдчилан зэрэг үндсэн зургаан чиглэлээр 40 орчим ажил хийхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, өнгөрсөн онуудад хэрэгжүүлж байсан Олон нийтийн цагдаа, "Хэв журмын урамшилт эргүүл" болон морь, нохой, дугуйт эргүүлийг ажиллуулах, "Оюутан цагдаа" арга хэмжээг үргэлжлүүлэх аж. Мөн  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, судалгаа, сурталчилгаа явуулах, хүүхэд багачуудыг болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Scool police” болон "Өсвөрийн сэргийлэх бүлгэм"-үүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 32 мянга 259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 68 хувь нь нийслэлд үйлдэгджээ. Тиймээс Монгол Улсын хүн амын 50 хувь нь амьдарч буй Улаанбаатар хотод гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь туйлын чухал гэдгийг НИТХ-ын дарга С.Амарсайхан онцлов.

Мөн хурлын үеэр НГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба тус зөвлөлийн 2017 онд хэрэгжүүлсэн гол ажлуудын талаар танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн 22 ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хар тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, 1500 хэв журмын урамшилт эргүүл,  224 олон нийтийн цагдаа, оюутан цагдаа ажиллуулжээ.

Монгол брэнд