top banner

Уралдаанч хүүд мэс засал хийх шаардлагагүй гэжээ


2018-03-21 13:01:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ММСУХ-ноос Говьсүмбэр аймгийн Баянтал суманд зохион байгуулсан хурдан морины уралдааны үеэр бэртэл авсан 11 настай У.Баярбаатар хүүгийн биеийн байдал, эмчилгээний талаар Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханаас тодруулжээ.

ГССҮТ-ийн захирал Т.Мөнхсайханы өгсөн мэдээллээр, У.Баярбаатар хүүд шаардлагатай оношилгоог хийсэн бөгөөд тархины няцралтай болох нь тогтоогдсон. Түүний няцралын хэмжээ тун бага тул мэс засал хийх шаардлагагүй, биеийн байдал тогтвортой, энгийн тасагт хэвтэн эмийн эмчилгээ хийлгэж байна. Хүүгийн эмчилгээ ирэх долоо хоногт дуусах бөгөөд тэр үед эмнэлгээс гарна. Уралдаанч хүүд шаардлагатай эмчилгээг бүрэн хийж эдгэрүүлэхийг Шадар сайд Ө.Энхтүвшин ГССҮТ-ийн удирдлагад даалгалаа.

Түүнчлэн гэмтэж бэртсэн бусад хүүхдийн талаар Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнтэй холбогдоход “Уралдааны үеэр мориноос унасан 16 хүүхдийн 11-т нь Говьсүмбэр аймгийн эмнэлгийнхэн газар дээр нь яаралтай тусламж үзүүлсэн мэдээг бид авсан. Эмнэлэгт хүргэгдсэн 5 хүүхдийн нэг нь одоо ГССҮТ-д эмчлүүлж байгаа. Бусад нь эмнэлгээс гарсан” гэв.

Шадар сайд Ө.Энхтүвшин Үндэсний их баяр наадмын комиссын даргын хувьд ЭМЯ-тай нягт хамтран ажиллах, хурдан морины уралдааны үеэр гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бэртэж гэмтсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх болон хугарал бэртэл нь хүүхдийн өсөлт хөгжилд саад учруулах аюултай болох тухайд уралдаанч хүүхдүүд, тэдний эцэг эх, уяачдад зөвлөмж өгч байх хэрэгтэй талаар дэд сайдад анхаарууллаа
Н.Туяа

Сурталчилгаа
Монгол брэнд