top banner

Хэнтий аймаг ашигт малтмалын ашиглалт, хайгуулын зөвшөөрлийн тоог нэмэхгүй


2018-03-21 19:21:52
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дөрөвдүгээр хуралдаан болж, аймгийн нутаг дэвсгэрт 317,099,59 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай Ашигт малтмал газрын тосны газрын мэдэгдэлд татгалзсан хариу гаргахаар шийдлээ.

Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар гаргасан энэхүү тогтоолыг аймгийн Засаг дарга дэмжиж, Ашигт малтмал газрын тосны газарт албан ёсоор хүргүүлэх юм. Одоогоор манай аймгийн нутаг дэсгэрийн 30 орчим хувьд ашигт малтмал, хайгуулын лиценз олгогдсон байдаг бөгөөд энэ тоог цаашид нэмэхгүй гэсэн шийдвэрийг орон нутгийн удирдлагууд ийнхүү гаргажээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болгон зарласантай холбогдуулан аймгийн ИТХ-аас “Эко аймаг” болох бодлого баримталж, холбогдох шийдвэрийг гарган ажиллаж байгаа юм.

Түүнчлэн тус аймгийн хэмжээнд малын тоо толгой өсч, бэлчээрийн даац долоо дахин хэтэрснээс бэлчээр хомсдож байгаа талаар иргэд малчдаас гаргасан санал, 83,9 мянган гектар газрыг тариалангийн бүс нутгийн зориулалтаар нь ашиглахаар шийдвэр гаргаж, холбогдох газарт уламжилсан зэрэг шалтгааныг харгалзан үзэж дээрх шийдвэрийг гаргасан аж.
 
 Д.Одонтунгалаг
 
 


Сурталчилгаа
Монгол брэнд