top banner

Цуврал дэлбэрэлт үйлдэх болсон шалтгааныг тодруулжээ


2018-03-22 12:40:21
Зураг
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. АНУ-ын Техас муж улсын Остин хотод болсон цуврал дэлбэрэлтийг зохион байгуулагч Марк Энтони Кондиттын үлдээсэн дүрс бичлэгийг хууль сахиулах байгууллагын ажилтнууд олжээ. Тэрбээр өнгөрсөн лхагва гарагийн шөнө цагдаа нараас бултаж чадахгүй гэдгээ мэдмэгцээ амиа хорлосон юм.
 
“Уг бичлэгт тэрбээр яагаад хэрэг үйлдэх болсон сэдлээ тайлбарласан бөгөөд энэ нь терроризм юмуу арьс өнгөөр ялгаварлан гадуурхахтай ямар ч холбоогүй байх магадлалтай байна” хэмээн тус хотын цагдаагийн ахлагч Брайан Мэнли мэдэгджээ.

Э.Кондиттын утаснаас олдсон 25 минутын уг бичлэгт гэмт этгээд үйлдсэн хэргүүдээ ярьсан байна. Бичлэгт тэрбээр 7 тэсрэх бөмбөгийг үзүүлсэн бөгөөд терроризм юмуу ялгаварлан гадуурхахтай холбоотой ямар нэгэн зүйл дурдаагүй байна.
 
“Э.Кондитт хувийн амьдралынхаа асуудлыг ярьж байсан бөгөөд бичлэгийг үзээд түүнд хүнд зүйл тохиолдсон юм шиг надад санагдсан. Тэдгээр асуудал нь Э.Кондиттын хэрэг үйлдэх шалтгаан нь болсон байх магадлалтай” хэмээн цагдаагийн ахлагч Б.Мэнли ярьжээ.
 
Энэ сарын 2-ноос эхлэн Остин хотод хэд хэдэн дэлбэрэлт болсны улмаас 4 хүн шархдаж, 2 хүн нас барсан юм. Ихэнх тохиолдолд тэсрэх бөмбөгийг илгээмжинд нуусан байжээ. Хууль сахиулах байгууллагын ажилтнууд энэ хэргийн цаана Э.Кондитт байна гэсэн дүгнэлтэд хүрч өнгөрсөн лхагва гарагийн шөнө цагдаа нар Остин хотын ойролцоо түүнийг баривчлан саатуулах ажиллагаа явуулжээ. Гэмт этгээд автомашин дотроо нуугдахыг оролдсон боловч цагдаа нараас бултаж чадахгүй гэдгээ мэдмэгцээ машин дотор  нь байсан хоёр тэсрэх бөмбөгийг дэлбэлсэн байна.
 
Цуврал дэлбэрэлт нь терроризм аль эсвэл арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбоотой байж магадгүй юм хэмээн өмнө нь хууль сахиулах байгууллагын ажилтнууд мэдэгдэж байсан юм.
 Э.Аянзаяа 



Сурталчилгаа
Монгол брэнд