top banner

Газрын тос боловсруулах, Зэс хайлуулах үйлдвэр байгуулахад 5.8 тэрбум ам.доллар шаардлагатай


2018-03-22 13:12:09
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг олон улсад сурталчилан танилцуулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Монголын эрдэс баялаг-Уул уурхай 2018” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.

Чуулга уулзалтад УУХҮЯ-ны удирдлагууд, гадаад орнуудын Элчин сайдын яамд, хөрөнгө оруулагчдын 100 орчим төлөөлөгч оролцож байна.

Монгол Улсын экспортын бүтээгдэхүүний 90 хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 77 хувь, ДНБ-ий 22 хувь, төсвийн орлогын 25 хувийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлдэг байна. Уул уурхайг даган барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг бусад салбар ч эрчимтэй хөгжиж байгааг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар чуулга уулзалтын нээлтийн үеэр онцлов. Тэрбээр, “Миний бие хөрөнгө оруулалтыг дэмжих замаар нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг тэлэх боломжтой төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдол өгч байгаа. Үүний тулд аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчидтай нээлттэй хамтран ажиллаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх болно” гэлээ.

Мөн чуулга уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт ирүүлжээ. Монголын уул уурхайн салбар нь эдийн засаг, нийгмийн хөгжилд тэргүүлэх үүрэгтэй оролцож ирсэн гэдгийг Ерөнхий сайд илгээлтдээ дурьдаад Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулагчдыг тууштай дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.

Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийн санд 57 сая тонн зэс, 37.2 тэрбум тонн нүүрс, 1.2 тэрбум тонн төмрийн хүдэр бүртгэгдсэн байна. Мөн 2500 тонн алт, 1.7 сая тонн цайр, 48.3 сая тонн хайлуур жонш, 197 мянган тонн уран, 332.6 сая тонн газрын тосны нөөц бүртгэлтэй байгаа юм. Цаашдаа хангайн болон баруун бүсэд геологийн судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж буйг УУХҮЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Элбэгзаяа илтгэлдээ дурьдсан юм.



Мөн чуулганы үеэр УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Даваадорж Монгол Улсад хэрэгжүүлэх хүнд үйлдвэрийн төслүүдийн талаар танилцуулав. Монгол Улс Газрын тос боловсруулах, Нүүрснээс нийлэг байгалийн хий боловсруулах, Хар төмөрлөг болон Зэс хайлуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй юм. Засгийн газраас эхний ээлжинд Газрын тосны үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд, Зэс хайлуулах үйлдвэрийг Оюутолгойн уурхайг түшиглэн байгуулахаар тогтсон. Мөн Нүүрснээс нийлэг байгалийн хий боловсруулах үйлдвэрийг Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт Багануурын уурхайг түшиглэн байгуулахаар төлөвлөж буй юм. Дээрх төслүүдийг хэрэгжүүлэхэд нийт 5.8 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн ТЭЗҮ боловсруулсан бөгөөд Засгийн газраас барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх конессын гэрээ эсхүл олон улсын санхүүгийн байгууллагын урт хугацааны, бага хүүтэй зээлээр хэрэгжүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж.

Дээрх төслүүд хэрэгжсэнээр ДНБ 15 хувиар өсч, 30 гаруй төрлийн дагалдах үйлдвэр шинээр байгуулагдаж, улсын болон орон нутгийн төсөвт жилд 300 сая ам.доллар төвлөрч, импортын хэмжээг нэг тэрбум ам.доллараар бууруулж, гадаад худалдааны ашиг өснө гэсэн тооцооллыг Засгийн газар, УУХҮЯ-наас гаргасан байна. Мөн 2800 гаруй шууд, 3000 гаруй шууд бус ажлын байр бий болно хэмээн үзэж байгаа юм.

Хөрөнгө оруулагчдын хувьд хамгийн ихээр сонирхдог асуудал бол татварын орчин. Тиймээс Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Тэлмүүн шинэчилэн боловсруулж буй Татварын хуулийн талаар мэдээлэл өглөө. Энэхүү хуулийн төсөлд аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг дэмжих, тэдний санхүүгийн ачааллыг бууруулах хэд хэдэн зохицуулалт орсон байна. Тухайлбал, аж ахуйн нэгжүүдийн татварын өр төлөх хугацаа зургаан сар байсныг хоёр жил болгож сунгах, хөрөнгө оруулалтын суутган татварын хэмжээ 20 хувь байсныг 15 болгож бууруулах зохицуулалт оржээ. Мөн Монголын компаниуд гадаадаас зээл авсан тохиолдолд суутган татварын хэмжээг 5 хувиар тогтоох, гадаадын зах зээлд хувьцаагаа борлуулсан тохиолдолд ногдол ашгийн татварыг 5 хувь болгож бууруулах заалт тусгасан гэдгийг танилцуулгадаа дурьдлаа.
Чуулган үргэлжилж байна.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Сурталчилгаа
Монгол брэнд