top banner

Дэлхийн халдашгүй соёлын өвд бүртгэгдсэн Наурыз-Нарны баяр тохиож байна


2018-03-22 13:32:20
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхий дахинд Ойрхи Дорнод, Балканы хойг, Төв Ази, Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн тэмдэглэн өнгөрүүлдэг Казах түмний Наурызын баяр өнөөдөр тохиож байна. Наурызын баярыг 2010 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн 64 дэх хуралдаанаар Олон улсын баяр болгон баталж, ЮНЕСКО “дэлхийн халдашгүй соёлын өв”-д бүртгэсэн. Наурыз бол шашны баяр бус, байгаль эхтэйгээ хүйн холбоотой хүн төрөлхтөний баяр юм. 
Наурыз гэдэг нь перс гаралтай үг бөгөөд нау-шинэ, рыз-өдөр буюу  “Шинэ  өдөр” гэсэн утгатай ажээ. Өөрөөр хэлбэл өдөр шөнө тэнцэж, шинэ жил гарч байгааг бэлгэддэг.  Казах түмэн нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай золгосны баяр болгон тэмдэглэдэг. Үндэсний ёс, зан заншил, түүх соёлыг сурталчлах, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор казахын ард түмэн жил бүр тэмдэглэн ирсэн түүхтэй.
Казахууд нарыг шүтдэг учраас 3-дугаар сарын 22-ны өглөө эртлэн босч нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгийг хэлэлцдэг. Насанд хүрсэн казах эмэгтэйчүүд мандаж буй наранд ёсолж “амьдрал тэтгэж буй наран ээж минь” гэж залбирал үйлдээд хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай. Мөн бүх хүн анхны нар харж, наранд сүү өргөж хүндэтгэнэ. Гэрийн эзэгтэй нар гэрийнхээ тооныг сүүгээр мялааж, хаалганыхаа босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Баярын үеэр бүгд үндэсний хувцсаа өмссөн байх агаад ахмад настан аксакалуудаа хүндэтгэн золгож, үдэж буй оныхоо ажил үйлс, ололт амжилтаа хүүрнэн дүгнэж, шинэ ондоо аз хийморь, арвин баялаг амжилттай байхыг ерөөн хүсдэг. Эдгээр зан үйл нь монголчуудын цагаан сарын баяр тэмдэглэхтэй адилхан бөгөөд хэдэн өдрийн өмнөөс бэлддэг.  Эрчүүд нь ойролцоох булаг шандны эхийг сэргээж эргэн тойрныг нь цэвэрлэнэ. Наурыз баярын үеэр ундаргыг нь гаргаж цэвэрлэсэн булаг шанд хэзээ ч татардаггүй, буян хишгээ олон түмэнд хүртээдэг хэмээн үздэг.



Наурыз баярын үеэр ахан дүүс, хотол олонтойгоо золгох үед “Наурыз баярын мэнд! Муу бүхэн газрын гаваар орог, идээ будаа арвин байг, талаар дүүрэн малтай, гэрээр дүүрэн хүүхэдтэй болоорой!” хэмээн ерөөдөг байна. Хоёр эрэгтэй хүн өөд өөдөөсөө харж зогсоод гараа атгалцан баруун зүүн хоёр талаараа цээжээрээ нийлж золгодог. Ийнхүү золгодог нь “Амь насны минь түшиг цээж минь, амьдралыг минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байг” гэсэн утгатай ажээ. Хоёр эмэгтэй тэврэлдэж золгоно. Эрэгтэй эмэгтэй хүмүүс гараа атгалцаж золгоно.
Айтыс хэмээх харилцаа дууны тэмцээн болдог бөгөөд энэ нь казахын урлаг уран зохиолын онцгой нэгэн төрөл буюу ардын яруу найргийн төрөлд багтдаг.  Уг тэмцээнд оролцогсод урьдчилан ямар нэгэн бэлтгэл хийхгүй бөгөөд хоёр хоёроороо сууж тухайн байдал, баяр ёслолын агуулгад тааруулан санаанаасаа зохиож домбордож харилцан дуулна. Шалгарсан нь бусад шалгарсан хүмүүстэй өрсөлдөх байдлаар цааш өрнөдөг байна.



Монголчууд цагаан сараар бууз банш иддэг бол казахууд шөл уудаг. Казахуудын хувьд 7-гийн тоо чухал бөгөөд баярын ширээнд мах, цагаан идээ, чихэр жимс гээд долоогоос доошгүй нэр төрлийн хоол унд байх учиртай. Шөл нь мах, гурил, өөх тос, үр тарианы төрөл, давс, сонгино, ус гэх мэт долоон төрлийн хүнсээр амтлагдсан байх ба энэ нь амьдралын долоон өнгө болох баяр баясгалан, аз жаргал, амьдрах ухаан, эрүүл мэнд, эд баялаг, өсөлт хөгжилт, асран хамгааллыг илэрхийлдэг байна. Энэ баярын үеэр архи дарс огт хэрэглэдэггүй бөгөөд исламын ёслолд архи дарсыг бусад ариун идээний дэргэд байлгаж болдоггүй бузар зүйл гэж үздэг байна.



Баяраар аль болох олон айлд шөл уух тусам сайн хэмээн үзнэ. Ирсэн зочдод гэрийн ахмад хүнээр ерөөл хэлүүлэх ба сонсож буй хүмүүс алгаа хавсран нүүр рүүгээ харуулна. Ерөөл дууссаны дараа “тэр ерөөл бат оршиг” гэсэн утгатай “амин” гэж хэлээд хавсарсан хоёр алгаа нүүрэндээ хүргэх бөгөөд энэ нь ерөөлийг хүлээн авлаа гэсэн утгыг илэрхийлнэ. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд