top banner

Тээврийн хэрэгслийн дугаар 3, 8-аар төгссөн бол энэ сард татвар төлөхийг анхааруулав


2018-03-22 14:07:38
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн хэрэгслийн улсын дугаар 3 болон 8 тоогоор төгссөн бол Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаар бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөрийг энэ сард багтаан төлөхийг Нийслэлийн татварын газраас анхаарууллаа.

НИТХ-ын 2015 онд баталсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлдөг болсон. Тухайлбал, 1,6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард, 2,7 тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3,8-аар төгссөн бол гуравдугаар сард албан татвараа төлөх ёстой. Харин 4,9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сар, 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард төлөх юм.

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл тээврийн хэрэгслийн нэгдсэн www.smartcart.mn цахим үйлчилгээгээр төлөх боломжтой. Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг банкаар дамжуулан төлсөн бол өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулна. Хэрэв цахимаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргах эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах шаардлагатай аж.

Заасан хугацаанд татвараа төлөөгүй жолооч нарыг Татварын ерөнхий хуулийн 75.1.4-т заасны дагуу торгууль ногдуулах юм. Уг заалтад татвар төлөөгүй жолоочийг 240 мянган төгрөгөөр торгохоор тусгасан байна.

Ч.Ариунболд

Сурталчилгаа
Монгол брэнд