top banner

Хөдөө аж ахуйн салбарынхны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлнэ


2018-03-22 14:25:04
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2018-2020 оны хамтын хэлэлцээрийг  талууд үзэглэлээ. 

Хэлэлцээрт, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Энхбат, Үйлдвэрлэл үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Батчулуун нар гарын үсэг зурсан юм.

Уг хэлэлцээр нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудлыг зохистой шийдвэрлэх зорилготой. Мөн ажлын байрны эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэн, ажилтны хөдөлмөрийн үнэлэмж, бүтээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж буй аж.

Тодруулбал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цалингийн сүлжээ, зэрэглэлийг шинэчлэн боловсруулж, салбартаа тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм байна. Түүнчлэн малчдыг нийгмийн даатгалд хамруулж, тариаланчдын дунд хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтыг үе шаттай зохион байгуулах юм байна.

ХХААХҮЯ, тариаланчид, арьс шир, жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлал, албан бус хэвшлийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоод хэлэлцээрт нэгдсэнээр талууд хяналт тавьж, явцыг жилд нэг удаа хамтарсан хурлаар дүгнэхээр боллоо.
Б.Заяа

Сурталчилгаа
Монгол брэнд