Н.Цэрэнбат:Аялал жуулчлалыг Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болгох боломж, гарц байна

Монголын мэдээ | Байгаль орчин
gantuya@montsame.mn
2018-03-22 22:43:15
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Намсрайн Цэрэнбатыг МОНЦАМЭ агентлаг урьж, Үндсэн чиг үүргийн яамны бодлого, зорилтын талаар ярилцлаа. 
 
НОГООН САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИД ЗАСГИЙН ГАЗАР
3 САЯ АМ.ДОЛЛАР БАЙРШУУЛНА

-Дэлхий нийт уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөлөлтэй нүүр тулаад байгаа энэ цаг үед Монгол Улс НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенци, Киото протокол, Парисын хэлэлцээрт нэгдэж Ногоон эдийн засгийн шилжилтэд үйл ажиллагаа явуулаад эхэлсэн. Энэхүү үйл ажиллагааны залгамж чанарыг хэрхэн хангаж, шинэ Засгийн газар бодлогоо хэрхэн тодорхойлж буйгаар ярилцлагаа эхлэх үү?

-Монгол улсын Засгийн газар олон улсын гэрээ хэлэлцээрээр байгаль орчныг хамгаалал болон тогтвортой хөгжлийн зорилтуудаа биелүүлэх үүргээ үе үедээ хариуцлагатай хэрэгжүүлж ирсэн. Төр засгийн энэ бодлого нь байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөөр дамжуулан өмнөх Засгийн газрын бодлогыг залгамжилж ирсэн байдаг. Энэ ч утгаараа манай Засгийн газар байгаль орчныг хамгаалах үүргээ биелүүлэхийн тулд өмнө авч байсан бодлогыг эрчимжүүлэх тал дээр илүү анхаарч ажиллаж байгаа. Нүүрс хүчлийн хийг бууруулах, сэргээгдэх эрчим хүчний тодорхой зорилтод хүрэх зэрэг зорилгын хүрээнд бид ажиллаж байна. Нэн тэргүүнд агаарын бохирдолтой холбоотой нүүрсхүчлийн хийг эрс бууруулах үүднээс тодорхой шийдвэр гаргаж, 2019 оны 5 дугаар сараас эхлээд нийслэлийн 6 дүүрэг, төвийн бүсэд түүхий нүүрс хэрэглэхийг хориглоод байна. Мөн өнгөрсөн жилийн 3 дугаар сарын 20-нд баталсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд нам даралтын зуухуудыг буулгаж, нэгдсэн халаалтын системд орох ажил батлагдаад явж байна. Энэ бодлогын үргэлжлэл 16 нам даралтын зуухыг нэгдсэн халаалт руу шилжүүлж байна. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг эрчимжүүлж, орлогод нь нийцсэн орон сууцжуулах ажил дээр судалгаа хийгээд явж байна. Хамгийн том ажил бол 20 гаруй жил ярьсан Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал. Энэ хавраас ажил нь эхлэх гээд үндсэн зарчмууд нь шийдэгдээд явж байна. Дэлхийн нийтийн хөгжилтэй уялдуулаад байгаль хамгааллын ажлыг олон түмэнд нээлттэй хүргэх чиглэлээр хэд хэдэн үйл ажиллагаа санаачлаад явж байгаа.

-Монгол Улс ногоон эдийн засгийн төлөөх түншлэлд нэгдээд 5 жил болж байна. 2014 онд Ногоон хөгжлийн бодлогоо 2016 онд “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”-ыг УИХ-аар батлан хэрэгжүүлж байна. Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүн ямар байна гэж Та дүгнэж байна вэ?

-Аливаа түншлэлд ороход өөрийн орны хууль, дүрэм журмыг дагалдаж ажлаа уялдуулах шаардлагатай байдаг. Хоёрдугаарт олон улсын түншлэлийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд дотоодын төр засгийн байгууллагуудтай хамтарч ойлголцох хэрэгтэй. Мөн олон улсын гэрээ хэлэлцээрээр байгуулах төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд бодлогын бичиг баримт дээрээ нэгдсэн байр суурь, ойлголцтой байдаг. Энэ таван жилийн хугацаанд Монгол Улсын ногоон эдийн засгийн чиглэлээр бий болгох ажлууд харьцангуй олон салбарт зэрэг зэрэг эхлээд явж байна. Энэ нь нэг талдаа давуу талтай. Нөгөө талдаа Ногоон эдийн засгаа цаашид дэмжих санхүүгийн эх үүсвэр бүрдүүлэхэд улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх тал дээр дутмаг байгаа. Удахгүй энэ ажлууд маань гадна дотны түншлэлийн ажлын явцаас хамаарч хэрэгжинэ гэж бодож байна. Энэ чиглэлээр Монгол Улсын Сангийн яам Ногоон зээлийн сангийн буюу Ногоон санхүүжилтийн корпораци байгуулах, үүнд дэмжлэг болгож Засгийн газар 3 сая ам.доллар байршуулахаар тохироод бэлтгэл ажлаа хангаж байна. Талууд оролцоогоо биелүүлээд, ажлаа хийж эхлүүлж чадвал есдүгээр сарын сүүлээр эсвэл оны төгсгөл гэхэд Ногоон зээлийн сангийн эхний санхүүжилт олон улсын донор орнуудаас орж ирэх боломжтой болно. Эхнээс нь цаг зав, хөрөнгө санхүүгээ гаргаад үйл ажиллагаа нь бүрэлдээд эхлэхээр тал талаас оролцъё гэдэг. Энэ үйл ажиллагааны дараалал алдагддаг байдлыг өөрчилье, эхнээсээ оролцогч талуудын хийх ажил, үүрэг, цаашид ямар ямар шалгуураар зээл олгож явах, ямар үр дүнг аль талууд нь хүлээдэг байхыг тодорхой болгоё гэсэн хэлцлийг хийж байна. Ногоон санхүүгийн корпораци байгуулагдснаар эхний ээлжид орж ирэх 27.5 сая долларын санхүүжилтийн асуудал шийдэгдэж, хэр үр дүнд хүрснээс хамаарч санхүүжилтээ цаашид нэмэгдүүлэх боломж нээгдэнэ. Энэ санхүүжилтийг олон салбарт хүртээмжтэй, зөв зүйтэй зарцуулж чадвал цаашдаа 50, 70, 100 сая хүртэл өсгөх боломжтой.

-Тэгвэл ногоон хөрөнгө оруулалтыг татах боломжуудыг Та хэрхэн харж байгаа вэ?
-Дэлхий нийтээр аливаа хязгаарлагдмал нөөцийг үр ашигтай хэрэглэх, ашиглах гэсэн концепцид тулгуурласан бүх санал санаачилгад хувийн болон олон улсын санхүүгийн корпорациуд дэмжлэг үзүүлээд явж байгаа. Гол нь аль улс орон, компани хичээл зүтгэл гаргасан байна, тэр нь шууд дэмжлэг авдаг хандлага руу шилжиж байгаа. Тиймээс бид хэдий богино хугацаанд өргөн цар хүрээтэй ажил эхлүүлж чадна тэр хэмжээгээр бүх талаас дэмжлэг ирнэ гэдгийг ААН, ард иргэд ойлгох хэрэгтэй. Хэдий хэмжээгээр дулаанаа хэмнэж, түүхий нүүрсний хэрэглээ бууруулж, усаа хэмнэж чадна түүний дагуу бодит үр дүнг тооцоолоод бага хүүтэй урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр авах бүрэн боломжтой.

-Ногоон хөгжлийг боловсролын системд суулгаж өгөх шаардлагатай гэдэг. Энэ хүрээнд Та “Ногоон паспорт” аяныг санаачилж, орон даяар эхлүүлээд байна. Аяны гол зорилго, зорилт, үр дүнг хэрхэн хүлээж байна вэ?

-БОАЖЯ-наас санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа “Ногоон паспорт” аяныг ЕБС-иудын ахлах ангийн дунд зарлаж байгаа. Бидний сурагч байх үеийн дадал зуршил ирж байгаа цаг үедээ нийцэхгүй байна. Одоогийн 13-16 насны хүүхдүүд 10, 20 жилийн дараа шинэ эринд амьдарна. Гэтэл дэлхий нийтийн чиг хандлага нь тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чиглэж байна. Үүнийг залуучууддаа өвлүүлье, сургая гэсэн зорилттой байна. Паспортыг аливаа нэг зүйлийн хэм хэмжээ, эрх зүй гэж ойлгодог. Үүгээр дамжуулан ирээдүйн ногоон хөгжлийн иргэн болохын тулд өөрийгөө бэлд л гэж байгаа юм. Үүний тулд ус, эрчим хүчээ хэмнэдэг, байгальд хог хаядаггүй байх дадал зуршлыг ирээдүйн хойч үедээ үлдээе, ингэснээр хөрс агаарын бохирдол, байгаль орчны доройтлоос салах боломжтой болно гэж харж байна. Дээрээс нь энэ аянаар НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийг дэмжиж байгаа хэрэг. Тус аянд манлайлж оролцсон шилдэг хүүхдүүдийг НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн олон улсын арга хэмжээнд оролцуулна. Ирэх зургадугаар сарын 20 хүртэл Улаанбаатар хотын ЕБС-иуд, есдүгээр сараас орон даяар хэрэгжүүлнэ.


 
ЯРИХ БУС БОДИТОЙ АЖИЛ ХИЙЖ, ҮР ДҮН ХАРАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Агаарын бохирдлыг бууруулах тал дээр Засгийн газар зоримог шийдвэр гаргасан гэж боддог юм. Гэхдээ нөгөө талд энэ шийдвэр ажил болж чадахгүй, түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халж чадахгүй гэх мэт шүүмжлэлүүд их гарч байна. Энэ шийдвэрийг ажил хэрэг болгоно гэсэн үндсэн баталгаа нь юу байна вэ?

-Түүхий нүүрсийг хориглох шийдвэр нь дэлхийн бүх агаарын бохирдолтой хотуудын гаргасан гарц. Бид энэ шийдвэрийг харьцангуй удаж байж гаргасан. Дээр нь ард иргэдэд хугацаа олгож байгаа. Ирэх оны тавдугаар сарын 15-наас эхлээд Улаанбаатар хотод эрчим хүч гаргаж байгаа ДЦС-уудаас бусад бүх ААН, иргэнд түүхий нүүрс оруулж ирэхийг хориглоно. Иргэдийн хувьд үүнийг үлгэр гэж сэтгэл хөдлөлөө илэрхийлж болох ч Үндсэн хуульд заасан иргэний журамт үүргээ биелүүлэн, мөн ирээдүй, хойч үе үр хүүхдүүдийнхээ төлөө дулааны алдагдлаа бууруулах ёстой. Гэр, орон сууцныхаа дулаалгыг сайн хийх хэрэгтэй. Хоёрдугаарт, түүхий нүүрсний оронд хэрэглэх сайжруулсан түлшийг үнийн хувьд ижил борлуулж байж үр дүнд хүргэнэ. Дараа нь сайжруулсан түлшийг бэлтгэх үйлдвэрүүдтэй дулааны нэг улиралд хамтарч ажиллахаар болсон. 2018 оны намраас ирэх оны хавар хүртэл хамтын ажиллагаа явуулж, боломжоо судална. Харин 2019 оны 10 дугаар сарын 15-наас эхлээд нүүрс түлэхэд сайжруулсан нүүрсийг хэрэглэх ёстой. Тал талуудын оролцоон дунд бидний үр дүн гарах бололцоотой. Тэгэхээр агаарын бохирдлоо бууруулахад намар дулааны алдагдлаа бууруулах далайцтай арга хэмжээ авъя гэж зорьж байна. Гол нь эрүүл нийгэмд амьдрахын тулд хандлагаа өөрчлөх шаардлагатай юм. Олон жил мууллаа, улс төржлөө, их ярьлаа. Харин одоо ярих бус бодитой ажил хийж, үр дүнг харах хэрэгтэй байна. Үүнийг үлгэр биш байлгахын төлөө бүгд хамтарч ажиллах ёстой. 

-Ерөнхий сайдын БНСУ-д хийсэн айлчлалаар 500 сая ам.долларын зээлийг авахаар тохиролцож, агаарын бохирдлыг бууруулахад зориулахаар болсон. Яг аль чиглэл, арга хэмжээнд зарцуулахаа сонгосон уу?

-Орон сууцжуулах, шинэ техник технологийг нэвтрүүлэх гэдэгт урьдчилсан байдлаар Монгол Улсын Засгийн газраас саналаа нэгтгээд БНСУ-ын ЭКСИМ банк руу явуулчихсан. ЭКСИМ банкнаас мөн санал ирүүлэх ёстой. Энэ сарын 26-ны өдрийн Засгийн газар хоорондын хамтарсан коммисын хуралдаанаар дахин ярилцана.

-Үндэсний хөтөлбөрийн үр дүнг тооцохдоо агаарын бохирдлыг 2025 он хүртэл 80 хувиар бууруулна гэсэн. Энэ тоо бодит байж чадах уу?

-Агаарын бохирдлыг бууруулах дунд болон богино хугацааны хөтөлбөрт түүхий нүүрсийг хориглосон. Туршилтаар гарсан сайжруулсан түлшний утааны хорт хийн агууламжийн тоо коэфциентууд түүхий нүүрснээс хоёр дахин бага байгаа. Сайжруулсан түлш нь хоёр давуу талтай. Нэгдүгээрт түүхий нүүрснээс хоёр дахин бага хэрэглэгдэнэ. Тэгэхээр утаа бага гарна гэсэн үг. Гарч байгаа утааны хортой агууламж нь Монгол Улсын стандарт, нормоороо 50 орчим хувиар буурах нөхцөл бүрдэж байгаа юм. Тиймээс энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд үр дүнтэй гэж үздэг. Гэхдээ хугацаа, санхүүжилт дээр сайн ярилцах хэрэгтэй.

-Зөвхөн түүхий нүүрсний хэрэглээг хориглохоос гадна ард иргэдийг орон сууцжуулах асуудал чухал. Энэ боломж бололцоог хэрхэн харж байна вэ? Хоёрдугаарт орон сууцжуулах хөтөлбөр зорилтод эзэндээ хүрэхгүй байна гэсэн асуудал их гардаг шүү дээ.

-Нэгдүгээрт аливаа том бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт санхүүгийнхээ эх үүсвэрээр баталгаажих ёстой. Өнөөдөр борлогдоогүй 26 мянган байр бий. Найман хувийн ипотекийн зээлийн шалгуурыг хангасан хүмүүсийн 90 гаруй хувь нь байраа авчихсан. Тиймээс найман хувийн зээл олгож байгаа шалгуур нь өндөр байна гэж Засгийн газар үзээд хүүг нь долоон хувь болгох, урьдчилгаа төлбөрийг нь бууруулах талаар ярилцаж байна. Хоёрдугаарт, түрээсийн орон сууцны асуудал байна. Ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах боломжийг хангахаар цаашид энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, дутуу баригдсан байруудыг гүйцээхээр тогтоол гаргаж, Хөгжлийн банкнаас санхүүжилтийг нь шийдэхээр болсон. Шалгуураа бууруулаад ямар үр дүн гарахыг харна.

-Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломж бий юу?

-Иргэд газраа үнэлээд орон сууцаар солих гэдэг. Гэтэл тухайн орон сууцыг барих хувийн хэвшил зээл аваад барьж байгаа нөхцөлд буцаад зээлээ төлөхийн тулд тухайн газрыг арилжаанд оруулах ёстой. Энэ асуудал хүндрэл дагуулж байна. Газар хэдий үнэтэй боловч дэд бүтэцтэй, эсвэл ойр байх газар үнэтэй гэдэг хөгжлийн чиг хандлагыг өмнөх төслийг хэрэгжүүлж байсан удирдлагууд ойлгоогүй. Газар болгон үнэтэй биш. Аль аль нь тал талдаа байр суурьтаа хатуу байж, ойлголцолд хүрээгүйгээс гацаанд орсон. Жишээлбэл Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд Азийн хөгжлийн банкнаас хийх дэд бүтцийн ажил 160 гаруй айл газраа чөлөөлж өгөөгүйгээс  болоод зогсчихсон. Тэр айлуудын газар чөлөөлөгдвөл бохир, дулаан, цэвэр усны асуудал шийдэгдэнэ. Гэтэл тэр хөрөнгийг буцаагаад авчихаж байгаа юм. Хэсэг айлаас болоод хүүтэй, хөнгөлөлттэй зээлийн ажил хойшлогдоод хугацаа алдаж байгаа нь төр засаг хойрго хандаад, хийхгүй байгаа юм шиг ойлгогдоод байна. Үүнийг бид хаа хаанаа ойлгох хэрэгтэй.

-Агаарын бохирдлын эсрэг сангийн үйл ажиллагааг хэрхэн төлөвлөж байгаа вэ?

-Агаарын бохирдлын эсрэг хийж байгаа үйл ажиллагаануудыг үргэлжлүүлэх, шинэ санаачлага гаргаж эрчимжүүлэхэд санхүүгийн эх үүсвэр дутагдалтай байгаа. 2015 онд Цэвэр агаар санг татан буулгаснаас хойш агаарын төлбөрийн мөнгө шууд Улсын төсөв рүү ордог болсон. Өнгөрсөн нэгдүгээр сард миний бие Агаарын бохирдлын эсрэг сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд агаарын тухай хуульд өөрчлөлт оруулснаар хэрэгжихээр болсон. Цаашдаа жилд дунджаар 30 тэрбум төгрөг хуримтлагдаж, энэ сангийн үйл ажиллагаанд зарцуулагдаад явна.

-Хэрхэн хяналт тавих бол? Мэдээж хүн бүр л “Цэвэр агаар” сантай харьцуулж байгаа байх.

-Алдаа дутагдал зөндөө байгаа. Үйл ажиллагаа нь эхлээгүй байхад санхүүжилтээ авдаг гэх мэт. Зарим нь тоног төхөөрөмжөө тендер зарлаад аваад ирсэн хойно Монголын нөхцөлд таарахгүй болдог. Дотоодын зарим нэг ААН-ээсээ сайжруулсан түлш авч хангах ёстой. Тэгэхгүй бол тухайн ААН хийсэн хөрөнгө оруулалтаа төлж чадахгүй тохиолдол үүсдэг. Сайжруулсан түлшний тоног төхөөрөмжийг авсан учраас бид зээлээ төлөх боломжтой. “Монгол шахмал түлш” гээд сайжруулсан түлшний компаниудаа нэгтгэл болгочихлоо. Бүх юмыг тоо баримттай ярья. Өнөөдөр сайжруулсан түлшний чанар стандартуудыг гурван лабораториор зэрэг шинжилгээнд өгөөд гарсан дүнд үндэслэн чинийх сайн, муу гэдгээ ярья. Энэ бүх ажлуудыг санхүүжүүлэхэд Агаарын бохирдлын сан дэмжлэг үзүүлдэг байх юм.

-Хөрсний бохирдол мөн Улаанбаатарын тулгамдсан асуудал. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй гэр хорооллын ариун цэврийг сайжруулах төсөл эхлээд байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байгаа төсөл ирэх сарын 23 гэхэд тавьсан шаардлагынхаа дагуу 1500 ариун цэврийн байгууламжийг гэр хорооллын айл өрхөд нийлүүлэх ААН-үүдийн тендерийг дүгнэнэ. Төслөөс улбаалан Азийн хөгжлийн банк Европийн орнуудтай техник технологи нэвтрүүлэх талаар ярьж байна. Германд ажлын айлчлал хийх үеэр хоёр аж ахуйн нэгжтэй уулзсан. Тэд нарыг 4 дүгээр сарын 12-нд Монголд ирж өөрсдийн туршлагаа танилцуулахыг урьсан. Одоогоор эцсийн шийдвэр нь гараагүй болохоор амлаж чадахгүй байна. Энэ хоёр ажлын үр дүнгийн харьцуулалтаар аль нь өртөг бага, Монголд хэрэгжүүлэх боломж байгааг сонгож, бүх суурин газар руу нэвтрүүлнэ.

-Хог боловсруулах үйлдвэрийн Эко парк байгуулах ажил ямар түвшинд явж байна?

-Одоогоор дэд бүтцийн асуудал нь шийдэгдээгүй байна. Хог хаягдлыг дахин боловсруулж байгаа аж ахуйн нэгж болон компаниудтай биечлэн танилцахад санал санаачлага гаргаад ажиллаж байгаа хүмүүс байсан. Хог хаягдлын тээвэрлэлтээс эхлээд ангилал, ялгах ажил хүртэл шийдэх асуудлууд гэхдээ байна. Жишээлбэл ард иргэд, зарим нэг байгууллага хогийг ангилаад орхидог. Харин ачихдаа нийлүүлчихдэг, тусгайлсан хогны машин явуулах гэхээр замын цагдаагаас торгодог явуулдаггүй гэх мэт асуудлууд байна. Хог хаягдлыг ангилдаг газрууд ихэнхдээ хотын захад байдаг. Хог бий болгодог нь төвдөө учир хаягдлаа авахад хүндрэлтэй байгаа юм. Эхний удаад хог хаягдлыг дахин боловсруулах холбоо, аж ахуйн нэгжүүдийг нэгтгээд, дүрэм журмаа тодорхой болгоё гэсэн шийдэлд хүрээд байна.

-Өнгөрсөн жилүүдийн Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил удааширч ирсэн нь төсөв санхүүтэй холбоотой байсан гэж хардаг л даа. Энэ удаагийн ажлын санжүүжилтийг баталгаажуулж чадсан уу?

-Манай яамнаас байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, стандартыг гаргаад өгчихсөн. Эхний ээлжид энэ жил лаг цэвэрлэхээр болоод Засгийн газрын хуралдаанаар Барилга, хот байгуулалтын сайдад хариуцуулан ажилдаа орчихсон. Цаашдаа бий болж буй лагийг дахин боловсруулахад зөвхөн Улаанбаатар хот биш бусад бүх аймгийн асуудал учраас яамнаас шалгарсан технологийг орон нутаг руу шилжүүлэхэд зорьж ажиллана.


 
МОНГОЛ БОЛ ТҮҮХИЙН БОЛОН БАЙГАЛИЙН АМЬД МУЗЕЙ

-Аялал жуулчлалыг улсын тэргүүлэх салбар болгохын төлөө өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, Монголд ирэх жуулчны тоог 1 сая, аялал жуулчлалаас олж буй орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг тавьсан. Энэ зорилтод хүрэх ажлууд ямар шатанд явж байна вэ? Хэзээ биелэх боломжтой вэ?

-Нэгдүгээрт Монгол Улсын хэмжээнд аялал жуулчлалын нэгдсэн том маршруттай болох шаардлагатай. Маршрут баталснаар тухайн бүс нутагт хийх хувийн болон төрийн хөрөнгө оруулалт тодорхой болж эхэлнэ. Улмаар маршрутын дагуу байгаа ААН, байгууллагууд, тур операторуудын стандарт, үйл ажиллагааг сайжруулах шаардлага тавигдана. Хүнд үйлчлэх стандартаа сайжруулж, үйлчилгээний хандлагаа өөрчлөн, хүнсний болон ариун цэврийн аюулгүй байдлыг хангах стандартыг эрс сайжруулахыг шаардаж ажиллана. Хоёр гэр бариад, нүхэн жорлонгоор үйлчлэхийг аялал жуулчлал гэж хэлэхгүй. Эдгээр шаардлагыг хангасан ААН нь аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулах эрхээ эдэлнэ гэсэн үг. Хангаж чадахгүй байгаа байгууллагын үйл ажиллагааг зогсооно. Нэг дор олон хүн хүлээн авах боломжтой, стандартаа бүрэн хангасан ААН-үүдийг түлхүү дэмжинэ, маршрут дагасан үзмэрийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэж төлөвлөж байна. Сүүлийн 20 гаруй жил бид нар аялал жуулчлалын салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийж байсан. Томоохон, бодлогын шийдвэрийн хөрөнгө оруулалт хийж чадаагүй. Азийн хөгжлийн банк болон Европийн сэргээн босголтын банкуудад Монгол Улсын аялал жуулчлалын хувийн сектерт урт хугацааны зээл өгөөч гэсэн хүсэлтээ тавьчихсан ажиллаж байна. Үүнд хугацаа орох байх. Гэхдээ аялал жуулчлалын салбарын орлого гаднаас ордог учир бусад бизнесийн салбарууд шиг валютын ханшийн өсөлтөөс болж хүү өснө буурна гэхгүй, ихэнх орлого нь валютаар баталгааждаг. Зөрүүлээд ААН-үүдээс чанар шаардана. Кэмпүүдийн өнгө үзэмж, үйлчилгээг сайжруулах албан даалгавруудыг явуулаад эхэлчихсэн. Зочид буудлуудын одны ангиллыг дахин ярьж, авсан одондоо эзэн байх үүргийг бид шаардана. Ингэж байж бид том зорилтдоо хүрэх сууриа бэхжүүлнэ.

-Аялал жуулчлалын маршрутыг ямар байдлаар гаргах вэ? Гол нь олон улсын маршруттай хэрхэн холбох боломжтой вэ?

-НҮБ, Дэлхийн аялал жуулчлалын нэгдсэн холбооны баталсан маршрутад нэгдэхийн тулд бид одоо байгаа маршрутаа баталгаажуулаад, холбогдох материалыг нь бүрдүүлэх шаардлагатай юм. Дээрээс нь аялал жуулчлал зөвхөн энэ салбарын бус хувийн хэвшил, гадаад дотоодын жуулчдыг авах авто болон агаарын тээвэр, төмөр зам гээд олон талын оролцоотой учраас бид үүнийг бодлогоор нэгтгэж, маршрутаа гарган, түүнийхээ дагуу хийх ажлаа эхэлнэ. Ерөнхийдөө 10 жилийн дараа хүрэх зорилго руу бүгд хамтраад нийлээд тэмүүлье гэж байгаа юм.

-Олон улсын аялал жуулчлалын “Аи Ти Би Берлин” үзэсгэлэнд оролцох үеэрээ Та Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзалт хийсэн. Үр дүнг нь танилцуулахгүй юу?

-Уг уулзалтаар Монгол Улсын аялал жуулчлалын салбарын мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсч, харилцан тохиролцсон. Цаашдаа аялал жуулчлалын мэдээлэл сурталчилгааны төвийн бүх стандарт, шаардлагыг ДАЖБ-тай хамтарч нэвтрүүлэхээр ярьсан. Мөн Торгоны зам дагуух бүс нутгийн аялал жуулчлалын маршрутад Монгол Улс нөлөөлөхүйц байр суурийг эзлэх ёстой, үүнд хамтарч ажиллахыг хүссэн. Цаашдаа НҮБ аялал жуулчлалын бүтээгдэхүүн болон бусад хөтөлбөрүүд дээр улс орнуудын тэгш оролцоог хангах хүсэлтийг тавьсан.

-Торгоны замын аялал жуулчлалын хөтөлбөрт Монгол Улс Нүүдлийн аж ахуйн төв нь байна гээд зарласан. Үүнд хүрэх зорилтот ажлууд юу байна вэ?

-Берлиний үзэсгэлэнгийн үеэр Германы хэвлэл мэдээлэлд ярилцлага өгөхөд надаас Монгол орон ямар онцлогтой вэ? гэж асуусан. Үүнд нь, Монгол бол түүхийн болон байгалийн амьд музей, одоо ч гэсэн хэвээр хадгалж байгаа улс гэж хариулсан. Археологийн дурсгал, буган хөшөө, хадны сүг зураг үзэхээр явах замд тань ан амьтан тааралдана. Дөрвөн ханатай байшинд орж байгаль, түүхийг нэгтгэж харах бус Монголд очиж дунд нь гэрч болоод аялж чадна гэж хэлсэн. Бидний давуу бол энэ юм. Дээр нь бид түүх, соёлын арвин их өвтэй. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд төсвийн хүндрэлээс шалтгаалан музейнуудээ шинэчлэж чадахгүй байна. Үүний үр дагавраар түүхийн олон үзмэрүүд маань агуулахад хадгалагдаж байна. Энэ бол аялал жуулчлалын салбарт тулгамдаж байгаа асуудал. Монголд ирээд байгалийг нь үзчихлээ, харин үзмэр, үзвэр алга гэсэн шүүмжлэлийг сүүлийн хэдэн жил дагуулж байна. Энэ утгаараа яам болон Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран уулзалт хийсэн. Ирэх онд Монгол гэдэг нэрээр ирээд, Улаанбаатар хотоор үйлчлүүлж байгаа жуулчдад нэг байр суурьтай, нэг бодлогоор үйлчилье гэж тохирсон.

-Улаанбаатар хотод ирэхээр Чингисийн хөшөө, Цонжинболдог-оос өөр үзэх зүйл байдаггүй гэж шүүмжилдэг. Томоохон бүтээн байгуулалт хийж, шинэ цогцолбор байгуулах зэрэгт төсвөөс хөрөнгө гаргах боломж бий юу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт аялал жуулчлалыг дэмжих, нутгийн иргэдийг ажил орлоготой болгоход дэмжих бүтээн байгуулалтыг хийнэ гэж тусгасан. Энэ ажлууд хэрэгжээд явж байна. Хэнтий аймагт энэ жил төсвөөс 2.8 тэрбум төгрөгийг түүхэн аялал жуулчлалын цогцолборын ажлыг эхлүүлэхээр тусгасан. Аливаа том бүтээн байгуулалтыг нийтээрээ нэгдэж хийх ёстой. Түүнээс биш нэг нь ажил эхлүүлээд явахаар эсэргүүцэх гэх мэтээр жижиг зүйлээс том боломжоо алддагаа болих хэрэгтэй. Аялал жуулчлалыг Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болгох боломж, гарц байна.

-Хөвсгөл аймагт болсон “Хөх сувд” мөсний баяр олон хүмүүсийн анхаарлыг татаж чадсан. Энэ мэт том арга хэмжээг явуулснаар жуулчдын тоо нэмэгдэх боломж байна гэж харагдсан л даа?

-Жуулчдын тоог нэмэгдүүлэхэд бидэнд байгаа хүндрэл бол тээврийн асуудал. Өнөөдөр агаарын тээврийн хүртээмж хангалттай түвшинд хүрээгүй. Энэ тал дээр Зам тээврийн яам маань ажиллаж байгаа. Удахгүй өөрчлөлт гарах байх. Гэсэн хэдий ч одоо байгаа нөхцөл байдал дээрээ тулгуурлан хийх ажлууд бас бий. Зөвхөн нэг арга хэмжээг үзэх гэж ирж байгаа жуулчдыг, нэг долоо хоногт үзэх 2,3 арга хэмжээтэй байхаар зохион байгуулдаг болъё гэж төлөвлөж байгаа. Дээр хэлсэнчлэн Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтраад аль улиралд, хаана ямар арга хэмжээ багцлан зохион байгуулж болохоор бүсчилсэн эвентүүд бүхий нэгдсэн маршрут гаргана.


 
АЙМАГ, СУМДЫН УДИРДЛАГУУД ҮҮРГЭЭ ХАНГАЛТГҮЙ БИЕЛҮҮЛСНЭЭС
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ АЖИЛ УРАГШЛАХГҮЙ БАЙНА

-Мазаалай гэх мэт ховор, нэн ховор амьтдыг хамгаалах, тоо толгойг нь нэмэгдүүлэх чухал шаардлагатай байдаг. Энэ талаар бодлогын зорилтоо танилцуулбал?

-БОАЖЯ-ны 30 жилийн ойгоор Мазаалайн хөшөөг босгосон. Энэ жил БНХАУ-тай хамтраад мазаалай хамгаалах чиглэлээр ажил хийхээр төлөвлөсөн. Дээр нь тусгай хамгаалалттай бүс нутагт тулгуурласан аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ажиллана. Зүгээр хамгаалах бус мазаалай, хавтгай, хандгай дурандах цэг байгуулаад, үзүүлэнгээ хамгаалах дэлхийн чиг хандлагыг дагах гэж байгаа юм. Байгаль хамгаалах сангаар БОАЖЯ жилд 40 орчим сая төгрөгийн төсөв мазаалай хамгаалахад тусгадаг.

-Ан амьтныг агнах зөвшөөрлийн талаар? Сүүлд идлэг шонхорын асуудал нэлээд яригдсан.

-Шонхортой холбоотой асуудалд суурь судалгаа хийгээд түрүүн хэлсэн шинжлэх ухаанчаар мэргэжлийн хүмүүсийн судалгаа, тоо баримтан дээр тулгуурлаж гаргана.  Ан амьтныг агнах зөвшөөрлийг одоогийн хуулиар БОАЖ-ын сайд Засгийн газрын хуралдаанаар тогтоож байгаа. Хэн нэгэн эсвэл аж ахуйн нэгжийн хүсэлд нийцүүлж гаргадаггүй.

-Танайд ирүүлсэн гомдлуудын 80 хувь нь тусгай хамгаалалттай газар нутагтай холбоотой байдаг гэж та өмнө нь хэлсэн. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэх гол гарц нь юу юм бэ?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн бүс гэдгээрээ Богд уул, Зайсангийн ам гээд зургаан газар манайд бүртгэлтэй байдаг. Эдгээрийг хотын суурьшлын бүс рүү оруулж ирье гээд Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гаргасан. Цаашдаа байгаль хамгаалах чиглэлээр хариуцлагатай уул уурхайн хүрээнд усыг дахин ашигладаг, бага бохирдуулдаг аж ахуйн нэгжийг дэмжиж ажиллана. Байгалийг бохирдуулж үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж төлбөр төлнө.

-Төлбөр гэснээс байгалийн нөөц ашигласан төлбөрийг зориулалтын дагуу зарцуулахгүй байна гэж Та их шүүмжилсэн. Үүний учир нь шалтгаан нь юу байна вэ?

-Байгаль дахь баялаг, ашигт малтмал ашигласан төлбөрийг хуулийн дагуу авдаг. Гэтэл 100 төгрөг төлбөр хэлбэрээр хураан авчихаад буцаад байгаль хамгаалах чиглэлд зарцуулахдаа зөвхөн 42-ийг нь өгч байна. Үүнийг 80 болгочихвол бидэнд мэдэгдэхүйц үр дүн гарна. Энэ мөнгийг захиран зарцуулах эрх нь нутгийн өөрөө удирдах байгууллагуудад байгаа ч хуулиар хүлээсэн үүргээ бага биелүүлж байгаа нь үнэн. Аль аймаг хамгийн бага зарцуулсан, хамгийн их зарцуулсныг бид нээлттэй ил тод зарладаг болно. Хамгийн ихээр зарцуулсан аймаг, сумдыг шалгаруулж БОАЖЯ-аас шагнаж урамшуулна гэдгийг хэлье. Байгаль хамгаалах үйлс хамтынх. Бохирдсон, доройтсон, муудсан нь БОАЖЯ-ны ажил биш харин энэ бүхнээс урьдчилан сэргийлж, байгаль хамгаалах нь бүх орон нутгийн өөрөө удирдах байгууллага, албан тушаалтнуудын үүрэг гэдгийг сануулж байна.
 
Н.Гантуяа
Гэрэл зургийг Б.Чадраабал
Холбоотой мэдээ