top banner

Швейцарийн прокурорууд: "Оюутолгой"-г тойрсон авлигын хэргээр "Рио Тинто"-г шалгаагүй


2018-03-29 11:48:27
Зураг
ЛОНДОН. /Financial Times/. Монголын зэс, алтны “Оюутолгой” төслийг тойрсон авлигын хэргийг Швейцарийн прокурорууд шалгаж байгаа бөгөөд тэдний мөрдөн шалгалт нь төслийг хэрэгжүүлэгч Англи-Австралийн “Рио Тинто” групп руу шууд чиглээгүй ажээ гэж Лондон хотод төвтэй “Financial Times” сонин мэдээлжээ.

“Financial Times” сониныхон энэ дуулианы талаар тодруулга авахаар Швейцарийн Ерөнхий прокурорын газар руу захидал илгээсэн байна. Хариу захидалд “Бидний шалгалт “Рио Тинто” руу шууд чиглээгүй” гэжээ.

Авлигын мөнгийг шилжүүлэхэд ашигласан байж болзошгүй дансуудыг Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын /АТГ/ хүсэлтийн дагуу Швейцарийн прокурорууд битүүмжилж, хэргийг мөрдөн шалгаж байгаа юм.

2009 онд “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хэлэлцээний үеэр “холбогдох албаны хүмүүс эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй” учир шалгаж байна гэсэн мэдээллийг Монголын АТГ-аас хүлээн авснаа “Туркойз Хилл Ресурс” энэ сарын эхээр мэдэгдсэн юм. “Оюутолгой”-н гэрээг байгуулах үед “Рио Тинто” нь тухайн үед “Айвенхоу Майнз” гэсэн нэртэй байсанТуркойз Хилл Ресурс”-ын хувьцааны 10 хувийг эзэмшдэг байжээ. Харин одоо “Рио Тинто” нь “Туркойз Хилл Ресурс”-ын хувьцааны 51 хувийг эзэмшиж байгаа юм.

“Рио Тинто”-гийн хамгийн чухал төслүүдийн нэг гэгддэг “Оюутолгой” орд нь 2025-2030 он гэхэд жилд 560 мянган тонн зэс олборлохыг зорьж байна.

Швейцарийн прокурорууд “Оюутолгой”-г тойрсон авлигын хэрэгтэй холбогдуулан “Рио Тинто”-г шалгаагүй гэх энэ мэдээ нь Лондоны хөрөнгийн биржид бүртгэлтэй тус компанид нэг ч гэсэн дуулианаас салахад “тус” болж магадгүй. Учир нь тус компанийг Африкийн нүүрс, төмрийн хүдрийн томоохон төслүүдтэй холбоотойгоор АНУ болон Их Британийн холбогдох байгууллагууд одоо шалгаж байгаа юм.

Г.Доржханд

Монгол брэнд