top banner

Казахстан улстай хамтран Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулна


2018-03-30 17:41:20
Зураг
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Казахстан улсын Астана хотноо энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын долдугаар хуралдаан болж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус хуралдаанд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тэргүүтэй төлөөлөгчид оролцож буй юм.

Өчигдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Казахстаны Хөрөнгө оруулалт, хөгжлийн сайд Арыстан Кабикеновтой уулзсан юм. Тэд хоёр улсын харилцааг хөгжүүлэх асуудлыг хэлэлцэж, геологи, уул уурхай болон иргэний агаарын тээвэр зэрэг салбарт хамтран ажиллах хоёр талын санамж бичиг байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд талууд уул уурхайн аж үйлдвэрийн салбарт мэдээлэл, туршлага, технологи солилцож, мэргэжилтэн бэлтгэх тал дээр хамтран ажиллах юм.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны энэхүү хуралдаан нь хоёр жил тутамд зохион байгууллагддаг байсан ч 2014 оноос хойш хуралдаагүй аж. Иймд Засгийн газар хоорондын комисс энэ удаа хоёр орны худалдаа, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн олон асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Засгийн газар хоорондынкомиссын хуралдааны үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "Манай хоёр улсад ижил төстэй олон салбарууд бий. Тухайлахад, уул уурхайн салбар дахь алт, уран, зэс, газрын тосны үйлдвэрлэлийн чиглэлд бид хамтран ажиллахад нэн тохиромжтой. Энэ талаар бид ярилцаж, тодорхой салбарууд дээр хамтарч ажиллах асуудлаар санал солилцож, байр сууриа нэгтгэлээ”гэв.

Д.Сумъяабазар: Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах  нь хамгийн зөв шийдэл


Хуралдааны үеэр Сайд Д.Сумъяабазартай цөөн хором  ярилцсан юм.

-Казахстан улстай уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байгуулах талаар байр сууриа нэгтгэсэн талаар та дурдсан. Энэ тухайгаа тодруулна уу?

-Жишээ нь, алт цэвэршүүлэх үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдааны комиссын тогтоолд оруулж байна. Бид Казахстаны алт цэвэршүүлэх үйлдвэрлэлийн туршлага, холбогдох мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үүний дагуу хөрөнгө, санхүү, байршил зэрэг олон асуудлаа шийдэн ажиллах юм. Мөн олон улсад алтаа борлуулах эрхийг авах асуудлыг Монголбанкны зүгээс шийднэ гэсэн үг. Казахстан Улсын алтны үйлдвэрийнхэн ирэх наймдугаар сарын үед холбогдох эрхүүдээ авч, үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу явуулахаар хоёр тал харилцан тохиролцлоо.

Казахстан Улс алт цэвэршүүлэлтийн өндөр технологийг нэвтрүүлж, улсынхаа бүх алтыг Төв банкиндаа хадгалж буй нь үндэстнээ бодсон, эх оронч шийдвэрүүд гаргажээ гэж дүгнэгдэж байна. Энэ жишгийг Монгол Улсад хэрэгжүүлэх, зөв явж буй дэвшилттэй салбаруудын туршлагыг нэвтрүүлэх чиглэлийг бид барьж ажиллана.



-Алт цэвэршүүлэх үйлдвэр барих ашиггүй гэж яригддаг. Үр ашгийн тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-Төв банк алдагадал хүлээнэ гэсэн зүйл ярьдаг. Гэхдээ төв банк гэдэг бол арилжааны хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг банк биш. Монгол банк бол Монгол Улсын эдийн засгийн тогтвортой байдал, Мөнгөний бодлогыг зөв барих, төгрөгийг тогтвортой байлгах чиг үүрэгтэй байгууллага. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын язгуур эрх ашиг цаашлаад эдийн засгийн аюулгүй байдал, төгрөгийн тогтвортой байдал дээр илүү анхаарах ёстой гэж би бодож байна.

Энэ бол улс орны амин чухал асуудал учраас стратегийн хувьд шийдвэр гаргах ёстой. Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нь хамгийн зөв шийдвэр гэдэг дээр итгэлтэй байгаа.

-Ураны салбарт Казахстаны туршлагыг авч хэрэгжүүлэх тухайд та ямар бодолтой байна?

-Бид ураны салбарт явуулж буй Казахстан Улсынявуулж буй бодлого үйл ажиллагааг сайн харах ёстой.

Ялангуяа хөрш зэргэлдээ улс орнууд буюу ОХУ, БНХАУ-ын оролцоог хэрхэн хангаж зохицуулж байгаа, геополитикынхоо орон зай дээр өөрсдөө энэ бодлогоо хэрхэн зөв гаргаж ирж байгаа, гуравдагч орнуудынхаа эрх ашгийг хэрхэн зохистой байдлаар оруулж ирж байгааг. Казахстан улс ямар нэгэн байдлаар нэг улсад давуу эрх олголгүй зөв зохистой тэнцвэртэй зохицуулалтыг хийж чадаж байгаа гэж би бодож байна. Тиймээс Бүгд найрамдах Казахстан улсын ураны салбарт явуулж байгаа тэнцвэртэй бодлогыг Монгол Улсынхаа ураны салбарт тусгаж, хамтран ажиллах, зохицуулалтуудыг нь нэвтрүүлэх хүсэлтэй байна. Энэ асуудлаар ярилцаж, хамтран ажиллах талаар санал нэгдсэн.  

Сурталчилгаа
Монгол брэнд