top banner

Ким Жөн Ун ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахыг хүлээн авч уулзжээ


2018-03-31 09:45:40
Зураг
ПХЕНЬЯН. /АП/. Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/ ерөнхийлөгч Томас Бах баасан гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай уулзжээ.

Т.Бах Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо “Ассошиэтед Пресс” агентлагт ярилцлага өгөхдөө “Би Умард Солонгосын удирдагч Кимтэй уулзаж, хамтдаа хөл бөмбөгийн тоглолт үзлээ” гэжээ.

2020 оны Токиогийн зуны олимп, 2022 оны Бээжингийн өвлийн олимпийн наадамд тамирчдаа оролцохыг дэмжинэ гэдгээ Ким Жөн Ун  уулзалтын үеэр ОУОХ-ны тэргүүнд мэдэгдсэн байна.

Өнгөрсөн сард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болсон өвлийн олимпийн наадамд Умард Солонгос тамирчдаа оролцуулсан нь хоёр Солонгос хоорондын болон Умард ба АНУ хоорондын дээд хэмжээний уулзалт хийх замыг зассан билээ.

Ким Жөн Ун энэ долоо хоногийн эхээр Бээжинд хөл тавьж, Хятад улсын дарга Си Жиньпинтэй хэлэлцээ хийж, ОУОХ-ны тэргүүнд олимпийн наадмуудад тамирчдаа илгээнэ гэдгээ мэдэгдсэн нь Умард Солонгос олон улсын хамтын нийгэмлэгтэй эвсэж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагийн илрэл гэж ажиглагчид үзэж байна.

ОУОХ-ны мэдэгдэлд дурдсанаар, Т.Бахын Умард Солонгост хийж буй айлчлал нь 206 улс орны олимпийн хороодтой хамтын ажилллагаагаа бэхжүүлэх гэсэн тус хорооны төлөвлөгөөний нэг хэсэг гэнэ.

Энэ долоо хоногийн пүрэв гарагт эхэлсэн Т.Бахын айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд