ЭЕШ-ын хариу задарсны улмаас Энэтхэгийн 2 сая сурагч дахин шалгалт өгөхөөр болжээ

Дэлхийн мэдээ | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2018-03-31 11:10:03
ШИНЭ ДЕЛИ. /Би-Би-Си/.Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ хариу задарсантай холбоотойгоор Энэтхэгийн ахлах сургуулийн хоёр сая сурагч их дээд сургуульд элсэхийн тулд дахин шалгалт өгөх шаардлагатай болжээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, Энэтхэгт сурагчдаас энэ долоо хоногийн даваа гарагт  ЭЕШ авсан аж. Шалгалт авахын өмнөхөн матетамтик болон эдийн засгийн сорилын хариуг мессэжний аппликейшнаар тараасныг албаны хүмүүс хожим нь олж мэдсэн байна. Шалгалтын хариу задарсантай холбогдуулан 25 хүн, тэдний дотор багш нар цагдаад шалгагдаж байгаа аж.

Энэ хоёр хичээлээр ирэх долоо хоногийн лхагва гарагт дахин шалгалт авна гэж тус улсын холбогдох албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Энэтхэгт шалгалтын үеэр янз бүрийн заль мэх хэрэглэн хуулах, шалгалтын хариуг мөнгөөр худалдах зэрэг хэрэг нэг бус удаа гарч байжээ. Тухайлбал, 2015 онд Энэтхэгийн хойд нутгийн Бихар мужид сурагчдын эцэг эх болон найз нөхөд нь сургуулийн ханаар авирч, цонхоор шалгалтын хариуг хэлж өгсөн хэрэг гарч байсан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан 300 хүнийг баривчилж, 750 сурагчийг сургуулиас хөөж байв.
Г.Доржханд


 

Холбоотой мэдээ