top banner

Малала охидод боловсрол эзэмшүүлэхийн төлөөх кампанит ажлаа үргэлжлүүлнэ


2018-04-02 07:10:40
Зураг
ИСЛАМАБАД. /Би-Би-Си/. Охидод боловсрол эзэмшүүлэхийн төлөөх кампанит ажлаа үргэлжлүүлэх болно гэдгээ Нобелийн Энх тайвны шагналт Малала Юсафзай мэдэгджээ.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өдгөө Оксфордын их сургуульд сурч буй Малала 2012 онд 12 настай байхдаа лалын босогчдын “Талибан” бүлэглэлийнхэнд буудуулснаасаа хойш анх удаагаа төрөлх нутаг Пакистанд зочилж байгаа юм.

Тэрбээр өчигдөр тус телевизэд ярилцлага өгөхдөө “Би 12 настайдаа охидын боловсрол эзэмших эрхийг хөхиүлэн дэмжихийг уриалан кампанит ажил өрнүүлж байхдаа талибуудын халдлагад өртсөн. Тэр үед би "Хэрвээ ерөнхий сайд болбол бүх асуудлыг шийдвэрлэнэ" гэж бодож мөрөөддөг байсан. Гэхдээ ерөнхий сайд болох нь миний багадаа боддог байсан шиг тийм ч амар зүйл биш юм шиг байна. Одоо би өөрийн байгуулсан “Малала сан”-гаараа дамжуулан охидын боловсролын төлөөх кампанит ажлаа үргэлжлүүлэх болно” гэжээ. Малала халдлагад өртсөнөөсөө хойш эцэг эхтэйгээ Их Британид амьдарч байгаа юм.

Тэрбээр халдлагад өртөхөөсөө өмнө гэр бүлийнхэнтэйгээ амьдарч байсан газраа бямба гарагт буюу уржигдар очсон байна. Дахин халдлага  болж болзошгүй гэж болгоомжлон түүнийг тэнд очих үеэр хамгаалалтыг эрс чангатгасан  байсан гэнэ.

Түүний найзуудын нэг нь ярихдаа “Малала-г хараад хүн бүр уйлж байсан. Үнэхээр сэтгэл хөдөлгөсөн мөч байлаа” гэжээ.
Г.Доржханд


Сурталчилгаа
Монгол брэнд