top banner

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн II шатанд 15-39 насныхныг хамруулна


2018-04-04 17:19:14
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр “Мишээл экспо” төвд болов.

Үндэсний хөтөлбөрийн I үе шатанд нийслэлийн хэмжээнд 40-65 насны 353 мянга 445 иргэн хепатитын В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээнд хамарсан нь нийт зорилтот иргэдийн 57 хувийг эзэлж байна. Харин аймгууд дахь хепатитын В, С вирүсийн халдварын илрүүлэг, шинжилгээнд хамарсан түвшин дунджаар 60.4 хувьтай байгаа юм.
Хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, нийт нас баралтын 15 хувийн эзэлж буй элэгний хорт хавдрын өвчлөл, иргэнд үүсэх санхүүгийн хүндрэлийг бууруулахад чиглэн Монгол Улсын Засгийн газраас олон ажил санаачлан хэрэгжүүлж байгаа ч иргэдийн эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээнд хамрагдалтын идэвхи хангалтгүй түвшинд байна.
Тиймээс энэхүү хөтөлбөрийн хоёр дахь үе шат буюу В, С вирүсийн эрт илрүүлэг, шинжилгээнд 15-39 насны хүн амыг хепатитын хамруулах юм. Уг хөтөлбөрийн хүрээнд хепатитын В, С вирүсийн халдварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, зан үйл, хандлагыг өөрчлөх, өөрийгөө болон гэр бүлийнхнээ халдвараас хамгаалах мэдлэг дадалтай болгох, архаг халдвартай хүнийг илрүүлж эмчлэх, элэгний хатуурал болон хорт хавдрыг эрт үед нь оношлох, эмчлэх, халдвар дамжих замыг таслан зогсоох зэрэг цогц ажлыг хийхээр төлөвлөжээ.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нээлтийн үеэр хэлэхдээ, “Элэг бүтэн Монгол” гоё нэртэй хөтөлбөр төдий бус элэгний өвчлөл, түүнээс шалтгаалсан нас баралтаас ард иргэдээ хамгаалсан маш чухал хөтөлбөр юм. Тиймээс хоёр дахь үе шат хэрэгжсэнээр хүн амын дунд хепатитын В, С вирүсийн халдварын тархалтыг хязгаарлан, шинэ тохиолдлыг 2020 он гэхэд таслан зогсоож, хепатитын вирүсээс үүдэлтэй элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдрын шалтгаант нас баралтыг эрс бууруулах зорилго тавьж ажиллах юм. Түүнчлэн хепатитийн С вирүсийн идэвхжилтэй иргэдийнхээ эмчилгээнд шаардлагатай эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60-100 хувь хүртэл хөнгөлөх болно. Энэ дашрамд дуулгахад, ирэх зургадугаар сарын 01-нээс хепатитын В вирүсийн идэвхжил тодорхойлж, иргэдээ эмчилгээнд хамруулахаар зорьж байна. ХСҮТ-ийн статистик мэдээллээр, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт нь нийт нас баралтын эхний байрт орж байна. 2017 онд элэгний хорт хавдрын шинэ тохиолдол 2312 бүртгэгдсэний 53 хувь нь эрэгтэйчүүд, 47 нь эмэгтэйчүүд байна. Элэгний хорт хавдрын улмаас 1416 хүн нас барсан. Нийт шинээр бүртгэгдсэн элэгний хорт хавдрын 80 хувь нь хожуу шатанд бүртгэгдэж байгаа нь аюулын харанга дэлдэж байна. Манай улс элэгний хорт хавдрын нас баралтаар дэлхийд тэргүүлж байгаа төдийгүй цаашид элэгний хорт хавдрын өвчлөл залуужих хандлагатай байгаа учраас энэ хөтөлбөрийн II үе шатанд 15-39 насны залуусыг эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулахаар зорьсон. Тиймээс 15-39 насны хүүхэд залуус, өмнөх шатны илрүүлэг, шинжилгээнээс хоцорсон 40-65 насны иргэд, 65-аас дээш насны ахмад настнууддаа эрүүл мэндээ хамгаалах энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг уриалж байна” гэв.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр иргэдийн цусны даралтыг хэмжих, биеийн индекс тодорхойлох, эрүүл зөв хооллолтын зөвлөмж хүргэхээс гадна хепатитын В, С вирүсийн илрүүлэг, шинжилгээг хийж буй дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн ажилтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл биечлэн танилцсан юм. Тэрбээр илрүүлэг, шинжилгээний явцын байдал болон цахим хариуг хэрхэн гаргаж буй талаар эмч, мэргэжилтнүүдээс лавлаж, үйлчүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонслоо гэж Нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.


Сурталчилгаа
Монгол брэнд