top banner

Тавдугаар ангийн сурагчид зохиолын баатруудыг амилууллаа


2018-04-04 20:05:30
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/ Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан ерөнхий боловсролын сургуулийн тавдугаар ангийн сурагчдын дунд “Зохиолын баатрууд амилсан нь” тэмцээн боллоо.

Уг тэмцээнд төрийн гурван удаагийн шагналт, ардын уран зохиолч Ц.Дамдинсүрэн, хүүхдийн зохиолч Д.Содномдорж, О.Цэндсүрэн, Д.Гармаа, Ж.Дашдондог нарийн бүтээлээс сонгон дүрийн тоглолтоо бэлтгэх шаардлага тавьжээ. Дүрийн тоглолтод Хэрлэн сумын тадугаар сургуулийн 5г ангийн сурагчид Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” зохиолоор нэгдүгээр байр эзэлсэн бол Шинэ хөгжил сургуулийн 5а ангийн сурагчид Д.Содномдоржийн “Норовын намтар” зохиолоор хоёрдугаар байр, Хэрлэн сумын нэгдүгээр сургуулийн тавдугаар ангийн сурагчид хамтран О.Сундуйн “Түмэн наст улиасны дүрсгүй нэгэн нарсны тухай” зохиолоор гуравдугаар байрыг эзэлжээ.

Эх хэлээрээ зөв цэвэр ярьж сургах, өөрийгөө илэрхийлэх чадварыг дэмжих, үлгэр домог, ном зохиолын баатрын дүрээр дамжуулан амьдралын сайн муу чанарыг ялган ойлгож бие биенээ хүндэтгэн талархаж сурах, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулсан уг тэмцээнд 80 гаруй сурагч оролцжээ.
Д.Дэлгэрмаа

Сурталчилгаа
Монгол брэнд