top banner

Цэрэг-техникийн хамтын ажиллагааны гурав дахь хөтөлбөрийг бэлтгэж байна


2018-04-05 10:09:45
Зураг
МОСКВА./РИА Новости/. ОХУ, Монгол Улс 2019-2024 онд хэрэгжүүлэх цэрэг-техникийн хамтын ажиллагааны ээлжит гурав дахь хөтөлбөрийг бэлтгэж байна хэмээн Монгол улсын Батлан хамгаалахын сайд Нямаагийн Энхболд мэдэгдэв гэж РИА Новости агентлаг мэдээлжээ.

Тэрбээр хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар Оростой харилцах харилцаанд өндөр ач холбогдол өгч, ОХУ-тай стратегийн түншлэл тогтоох чиг шугам баримталдаг. Хоёр улсын стратегийн түншлэлийг хөгжүүлэх бусад хөтөлбөрүүдийн хүрээнд цэрэг-техникийн хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөртэй холбогдуулан цэрэг-техникийн хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна” гэжээ.
 
Түүнчлэн тэрбээр ОХУ Монгол улсад цэрэг-техникийн тусламж үзүүлж байгаагийн сацуу тус улсын БХЯ-ны харьяа цэргийн дунд сургуулиудад суралцах боломжийг Монголын залуучуудад олгож байгаад гүн талархал илэрхийлжээ.

Олон улсын аюулгүй байдлын асуудлаархи Москвагийн 7 дугаар бага хуралд оролцож байгаад нь Монгол Улсын Батлан хамгаалахын сайдад ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу талархал илэрхийлсэн байна.
Э.Аянзаяа 

Монгол брэнд