top banner

Болливудын супер од Салман Хан 5 жилийн хорих ял сонсов


2018-04-05 19:20:01
Зураг
МУМБАЙ. /Ройтерс/. Болливудын супер од Салман Хан 1998 онд маш ховор хоёр гөрөөсийг хулгайгаар агнасан гэх хэргийн улмаас өнөөдөр таван жилийн хорих ял сонслоо.

“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Энэтхэгийн Ражастан мужийн Жодхпур хотын шүүх түүнд мөн 10 мянган рупий буюу 154 ам.долларын торгууль ногдуулсан байна. Түүнийг өнөөдрөөс шууд шоронд хорьж эхэлсэн аж.

Жүжигчин залуу 1998 онд Энэтхэгийн баруун нутгийн Ражастан мужийн тусгай хамгаалалттай газар кино зураг авалтын үеэр нэн ховор ороонго гөрөөсийг /энэтхэг гөрөөс гэх нь ч бий/ хулгайгаар агнасан байна.

Өдгөө 52 настай жүжигчин дээд шүүхэд давж заалдаж болох аж.

Болливудын хамгийн алдартай оддын нэг тэрбээр хайр дурлалын болон адал явдалт 100 гаруй кинонд тогложээ. Тэрбээр маш олон шүтэн бишрэгчтэй. Тодруулбал, тэрбээр “Фэйсбүүк” нийгмийн сүлжээнд 36 сая гаруй дагагчтай бол “Твиттер”-т 32.5 сая дагагчтай гэнэ.

Түүний сүүлд тоглосон “Уралдаан 3” киноны нээлт энэ оны сүүлчээр болох аж.
Г.Доржханд


Монгол брэнд