top banner

Дөрвөн сумын нутаг түймрийн эрсдэлийн аюултай зэрэглэлд багтжээ


2018-04-05 20:13:13
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Дашбалбар, Баян-Уул, Баяндун, Чулуунхороот сумын нутаг түймрийн эрсдэл их буюу аюултай зэрэглэлд багтаад байгааг УЦУОШГ-аас мэдээлж байна. Энэ өвөл Дорнод аймгийн нутагт хур тунадас бага орсноос хуурайшилт өндөр байгаа юм. Тиймээс малчид, ард иргэдийг ой, хээрийн түймрээс болгоомжилж, сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Ийнхүү хаврын хуурайшилт эхэлсэн учир урьдчилан сэргийлэх, зайлшгүй тохиолдолд түймрээс сэргийлэх,  унтраах бэлтгэл ажлыг холбогдох байгууллагууд хийж эхэлжээ. 
Харин түймрийн аюул дунд зэрэг гэсэн ангилалд тус аймгийн гурван сум, бага зэрэг эрсдэлтэйд цас зудтай байсан Халхгол сумын Ялалт багийн нутаг орсон байна. 
Дашрамд дуулгахад, өнгөрсөн онд тус аймаг урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийсний үр дүнд ой, хээрийн түймрийг 58 хувиар, түймрээс үүдсэн хохирлын хэмжээг 50 хувиар бууруулж чадсан юм. 
Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн төвд болон бүх суманд ерөнхий зориулалтын мэргэжлийн анги, гамшгаас хамгаалах 13 алба, 39 мэргэжлийн анги байнгын бэлэн байдалтай ажиллаж байна.
Д.Дэлгэрмаа

Сурталчилгаа
Монгол брэнд