top banner

100 айлд гадаад паспорт олгохыг зогсоож ирэх Даваа гарагаас 10 цэгт олгож эхэлнэ


2018-04-06 10:47:49
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах зорилгоор ирэх даваа гарагаас  эхлэн гадаад паспортаа нийслэлийн зургаан дүүрэг, Дүнжингарав, Драгон, Мишээл, долоон буудлын Оргил худалдааны төвд байрлах нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдийн Улсын бүртгэлийн хэлтэст харьяалал харгалзахгүй захиалж, захиалсан газраасаа авах боломжтой болсон гэж ОӨУБЕГ-ын Гадаад паспортын үйлчилгээ эрхлэдэг ажилтнууд ярьж байна.

Гадаад паспорт шинэчлэгдэж байгаа талаар Оюуны өмч Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлэл өгснөөр 100 айлд гадаад паспорт захиалсан хүмүүсийн дараалал ихэсч, зарим хүн өглөө эрт үүр цүүрээр очиж дугаар үүсгэн, уг албаныханд хүндрэл үүсгээд байсан юм. Өчигдөр уг газар очиход иргэдийн дараалал багасч, дүүргүүдэд олгох болсныг тодруулан лавлаж байлаа. Зуун айлд байрлах ОӨУБЕГ-ын үйлчилгээний нэгдүгээр байранд гадаад паспортын үйлчилгээ үзүүлэх ажиллагааг зогсоосон байна. Нэг цэгт төвлөрч байсан үйлчилгээг ийнхүү сааруулж, 10 цэгээр дамжуулан иргэдэд үйлчилнэ. Ингэхдээ дүүрэг бүрт гадаад паспортын хоёр цонх ажиллуулна. Мөн паспортоо дүүрэг харгалзахгүй захиалах боломжтой гэсэн тайлбарыг өглөө. Иргэн та өөрт хамгийн ойр цэгээс гадаад паспортын үйлчилгээгээ аваарай гэж ОӨУБЕГ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна.

Ж.Батсайхан


Монгол брэнд