top banner

Дорнод аймагт энэ онд 7600 гаруй иргэнд газар өмчлүүлнэ


2018-04-06 13:42:54
Зураг
Дорнод /МОНЦАМЭ/. 2003 оноос хэрэгжиж эхэлсэн Газар өмчлөх тухай хууль сарын дараа дуусгавар болох гэж байна. Үүнтэй холбогдуулан Дорнод аймагт иргэдийн газар өмчлөл ямар байгаа талаар тус аймгийн ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга О.Алтантуяагаас тодрууллаа.

-Газар өмчлөх тухай хууль 2003 оноос эхлэн хэрэгжиж үндсэндээ дуусч байна. Энэ хугацаанд Дорнод аймгийн хүн амын хэдэн хувь нь 0.7 га газраа өмчлөөд байгаа вэ?
-Одоогийн байдлаар аймгийн төвийн 33715 иргэнд 3934.1 га газрыг өмчлүүлээд байна. Энэ нь хүн амын 42.4 хувь гэсэн үг л дээ. Сумдын хувьд газар өмчлөл өндөр үзүүлэлттэй байгаагаас нь дурдвал, Хэрлэн сумын хүн амын 53.2 хувь нь газраа өмчилж авсан. Харин Баянтүмэн сум 33.8 хувь, Хөлөнбуйр сум 42.9 хувьтай явна.

-Бусад аймагтай харьцуулахад хэр үр дүнтэй үзүүлэлт вэ?
-Иргэдэд үнэ төлбөргүй газар өмчлүүлж эхэлснээс хойш манай аймаг газар өмчлүүлсэн хувь хэмжээгээрээ улсын хэмжээнд дээгүүр үзүүлэлттэй явж ирсэн. 2015 онд л гэхэд тэргүүн байрт орж байсан.

-Сарын дараа Монгол Улсын иргэд газар үнэгүй өмчлөх хугцаа дуусна. Үүнтэй холбоотой газраа худалдаж авдаг болно гэх яриа гарч эхэллээ. 
-Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацаа гурван удаа сунгагдаж байсан. Энэ удаа ч бас сунгагдах болов уу гэж таамаглаж байна. Манай дээд байгууллага болох Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас хуулийн хугацааг сунгах хуулийн төсөл боловсруулж байгаа. УИХ-аар эцэслэн шийдвэрлэнэ. Манай аймагт л гэхэд хүн амын 42 хувь нь газар өмчилсөн байгаа нь улсын хэмжээнд дээгүүр үзүүлэлт гэхээр газраа өмчлөөгүй иргэд их байгаа гэсэн үг шүү дээ.

-Иргэд өмчилсөн газартаа хэдий хэрийн татвар төлдөг юм бэ?
-Хуульд ахуйн зориулалтаар эзэмшиж, ашиглаж буй 0.07 га хүртэлх хэмжээний газрын төлбөрийн 90 хувийг газар эзэмшиж, ашигласны төлбөрөөс чөлөөлнө гэж заасан байдаг. Газрын төлбөр тооцох аргачлал нь аймаг, сум бүрээр янз бүр л дээ. Тэр нь инженерийн хангамж, ашиглалтын зориулалт, байршил, байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. Аймгийн төвийн 0.7 га газар өмчилсөн иргэн гэхэд жилд 810 төгрөгийн татвар төлж байна.

-Дорнод аймагт энэ сарын 12-ны өдрөөс эхлэн газар өмчлөх хүсэлтэй иргэдийн өргөдлийг хүлээж авна гэсэн мэдээлэл байна.  Тухайлбал, аль байршилд газар өмчлүүлэхэв?
-Газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар аймгийн төвд 0.35 хүртэл га, сумын төв, тосгонд 0.5 га, нийслэлийг аймгийн төвтэй холбосон улсын чанартай авто замын дагуух газарт 0.07 хүртэл га газар өмчлүүлдэг. Энэ оны төлөвлөгөөгөөр аймгийн төвд газар өмчлүүлэх байршлын дийлэнх нь 5 дугаар багийн нутаг дэвсгэрт төлөвлөгдсөн. Харин 1, 4, 8 дугаар багийн зарим иргэнд одоо амьдарч байгаа хашаа газрыг нь өмчлүүлэхээр төлөвлөөд байна.

-Аймгийн ИТХ-ын тогтоолоор иргэнд газар өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоодог шүү дээ. Энэ онд хэдэн га газрыг иргэдэд өмчлүүлэхээр тогтсон бол?
-Нийт дүнгээр аймгийн хэмжээнд 813.1 га газрыг 7649 хүнд өмчлүүлнэ гэж тооцсон. Аймгийн төвд л гэхэд 3080 хүн газар өмчлөх боломжтой. Сумдын хувьд Чулуунхороотоос бусад суманд газар өмчлүүлнэ. Чулуунхороот сум нь хилийн бүсэд хамаардаг учир иргэдэд газар өмчлүүлэхгүй.

-Иргэд газар өмчлөх өргөдөл гаргахдаа ямар бичиг баримт бүрдүүлэх талаар мэдээлэл өгөөч?
-Газар өмчлөх өргөдөл гаргаж буй хүмүүс иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа багийн Засаг даргын тодорхойлолтын хамт авч ирнэ. Хүүхэд бол төрсний гэрчилгээний хуулбараа авчрах ёстой. Харин өөр аймгаас шилжиж ирсэн иргэдийн хувьд тухайн аймагтаа газар өмчилж байгаагүй гэсэн тодорхойлолт зэргийг бүрдүүлж ирнэ
Д.Дэлгэрмаа

Монгол брэнд