top banner

Томуу, томуу төст өвчний тохиолдол 3.8 хувийг эзэлж байна


2018-04-06 13:56:06
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 02-ны байдлаар амбулаторийн 70.646 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 2710 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 3.8 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар бага, өнгөрсөн оны мөн үеэс 0.4 хувиар их байна.

Нийт өвчлөгсдийн 36.7 хувийг 0-1 нас, 32.5 хувийг 2-4 нас, 16.5 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 1149 дуудлага ирснээс 41.3 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн эмнэлгүүдийн хувьд, нийт орны ачаалал өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 10 хувиар бага байна. Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдварын үед Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эмнэлгүүдэд орны зохицуулалт хийж, эмч сувилагч нарын орон тоо болон ажлын цагийн хуваарь, иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид анхаарал тавин ажиллаж байна.
Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөлөө.


Монгол брэнд