top banner

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа тойргийнхоо иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэв


2018-04-06 14:40:42
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн санаачилгаар Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 18, 19, 20 дугаар хороо Багануур дүүргийн 3 дугаар хороо гээд нийт долоон хорооны 1200 гаруй тойргийнхоо иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан эмнэлгийн тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо хийх аяныг өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 5 хүртэлх хугацаанд өрнүүллээ.

Аянд хамрагдсан иргэд шээс, хэликобактери, С вирусын шинжилгээ, эхо, зүрхний цахилгаан бичлэг хийх зэрэг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Ц.Цогзолмаа сайдын тойрогтоо хэрэгжүүлж буй хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах ажлыг эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан иргэдийн зүгээс сайшааж, дахин ийм үр дүнтэй аян өрнүүлэхийг хүсч буйгаа уламжилжээ. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны “Гүн мэдрэмж” ӨЭМТ-ын дарга Л.Одончимэг “Тус аянд алслагдсан хорооны болон бичиг баримтгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй иргэдийг давхар хамрууллаа. Зарим нарийн шинжилгээ нэлээн өндөр үнэтэй байдаг учраас тэр бүр иргэд өгөөд байж чаддаггүй. Энэ үеэр бүх төрлийн шинжилгээг иргэдээс үнэ төлбөргүй авсан нь олны талархлыг хүлээсэн. Үр дүнгийн хувьд зөвхөн манай хороон дээр гэхэд урьдчилан сэргийлэх анхан шатны үзлэг, халдварт болон халдварт бус өвчний илрүүлэгийг хийхэд С вирусын халдвартай дөрөв, ходоодны замын өвчинтэй 16 иргэнийг шинээр илрүүлсэн. Тэдгээр иргэнийг дараагийн шатлалын эмнэлэг рүү явуулах, илүү нарийн шинжилгээ өгүүлэх зөвлөгөө өгсөн. Энэ нь аяны хамгийн гол үр дүн байлаа” гэв.


Монгол брэнд